Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа анхан болон лавлагаа шатны бүх эмнэлэг нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн байгууламжтай болох үндэсний хувьсгалыг орон нутагт амжилттай хэрэгжүүлжээ. Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал яригдах болсон энэ цаг үед айл өрх, аж нэгж байгууллага бүгд гадна нүхэн жорлонг халах цаг болоод байна. Өнөөдөр Монгол Улсад өдөртөө 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байна гэсэн судалгаа гарчээ.
Энэ нь олон төрлийн халдварт өвчнүүдийг бий болгодог эрсдэл ихтэй аж. Тиймээс аймгийн Эрүүл мэндийн газар салбарын хэмжээнд “Нүхэн жорлонг халах аян” өрнүүлж, анхан болон лавлагаа шатны бүх эмнэлэг орчин үеийн шаардлага хангасан ариун цэврийн боловсон байгууламжтай болж чаджээ. Боловсон ариун цэврийн байгууламжтай болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал бүрэн хангагдаж, эмчилгээнд эерэг өөрчлөлтүүд авчирдаг байна.