Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр ой 2 сартай хүүхэд цэцэрлэг дээрээ хахаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр хүүгийн ар гэрээс мэдээлэл хийлээ.
Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор "Хүүхэд амьсгалахгүй хэвтэж байхад хөлийг нь ороогоод тавьчихсан байна. Хүүхэд хахчихаад өлгийнөөсөө гарах гэж ямар их тарчилсан болоо. Ямар ч хууч өвчингүй хүүхдийг элэг, бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай учир ЗҮРХ НЬ ХААГДСАН гэх дүгнэлт гарсан.
Миний хүүхэд гэдсэнд байхдаа ч эрүүл байсан. Анх төрөхдөө жаахан бүтэлттэй төрсөн. Түүнээс өөр зүйлгүй. Гэдсэнд байхаасаа эхлээд эмчийн хараа хяналтад байсан. Гэтэл шүүх шинжилгээний хариунд бөөрний дутагдалтай, зүрх судасны гажигтай байсан гэсэн. Үнэхээр миний хүүхэд тийм өвчлөлгүй. Эрүүл хүүхэд.
Өнгөрсөн сарын 28-ны өдөр багш нь надад хэлэхдээ "Танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болчихлоо бид нар эмнэлэг рүү явж байна" гэсэн. Тэр үед би хордлогод орсон юм байх гэж бодсон. Эмнэлэгт яваад очтол миний хүү нас барчихсан байсан. Өчигдөр над руу шүүхийн шинжилгээний хариу гарчихлаа ирж танилцаарай гэсэн. Ингээд ирэхэд байж боломгүй юм хэллээ. Бид энэ хариутай санал нийлэхгүй байгаа учир гомдол гаргаж, дахин шинжлүүлнэ" гэлээ.
Миний хүү хатгаатай байгаад тэр нь хүндрээд зүрх нь хаагдсан гэх дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүүгийн ханиад эдгээд би цэцэрлэгт нь өгсөн" гэлээ.
ШШЕГ-ын ажилтан н.Мөнхбат тус хэргийн талаар мэдээллээ. Тэрбээр, "Болсон үйл явдлын талаар тодруулга өгье. Аравдугаар сарын 28-ны өдөр энэ үйл явдал болсон. Манайх шинжээч томилох тушаалаа аваад, тухайн шөнөдөө ажиллаж эхэлсэн. Шинжээч эмчийн дүгнэлтийг хугацаа хэтрүүлсэн явдал байхгүй. Хуулийн хугацаанд ажлаа хийсэн гэж хэлж болно. Нас барсан тохиолдлыг хурдан гаргах боломжгүй. Дүгнэлт нь гараад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Бид нар дүгнэлтийн утгыг мэдэхгүй. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хуулиараа хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Хэрэв тэгвэл шинээр гурваас дээш эмч дахин дүгнэлт гаргана. Тогтоол ирсэн өдрөөс шинжилгээгээ хийнэ. Тэгэхээр мөрдөгчийн тогтоол ирсэн цагаас эхлээд дахин шинжилнэ. Мөн тус байгууллагын зөвшөөрлөөр дүгнэлтээ тайлбарлаж болно" гэлээ.
Энэ үеэр тэрбээр, сэтгүүлч нарын асуултад хариуллаа.
-Хариу яагаад ингэж удсан бэ?
-Удсан тохиолдол байхгүй ээ. Хуулийн дагуу ажлын 14-28 хоногт дүгнэлтийн хариу гардаг. Хуулийн хугацаандаа багтаж дүгнэлтээ гаргасан гэж хэлж болно.
-Ар гэрийнхэн нь шинжээчийг ямар нэгэн авлига авсан гэж үзэж байна. Энэ талаар?
-Шинжээч бол хараат бусаар үйл ажиллагаагаа хийж, ажлаа хийх үүрэгтэй. Хими биологи эд эсийн шинжилгээ нь тодорхой хугацааны дараа хариу нь гардаг. Ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд хийх боломжгүй.