-УИХ-ын чуулганы хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт та Дархан-Уул аймагтай холбоотой 60 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгааг хэлсэн. Энэ ямар учиртай асуудал, мөнгө вэ?
-2023, 2024 оны Дархан-Уул аймгийн худалдан авах үйл ажиллагаан дээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэгч газраас шалгалт хийсэн юм билээ. Шалгалтын дүнгээр 63.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Хууль зөрчсөн асуудал илэрсэн гэсэн үг. Худалдан авалтын төлөвлөлт, тендер зарлах дээр мөн гэрээ байгуулалт дээр ч гэсэн хууль зөрчсөн асуудал үүсч тухайн үед хариуцсан яамнаас мэдэгдэл гаргаж, Дархан-Уул аймгийн ИТХ болон АТГ-т дүгнэлтийг хүргүүлсэн байдаг.
УИХ-ын төсвийн байнгын хорооны дэргэдэх Зарлагын дэд хорооны даргын хувиар энэ асуудалд мөн анхаарал хандуулах ёстой. Тийм ч учраас тодорхой хэмжээнд мэдээлэл авах гэж оролдож байгаа.
Ийм их хэмжээний татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудал хаана байгаа вэ? гэдгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар миний бие хөндсөн. Цаашид асуудал хэрхэх вэ? гэдэг дээр анхааралтай ажиглаж байна. АТГ хэргийг шалгаж байна уу, үгүй юу гэдэг тодорхойгүй. Дарханы ИТХ ч энэ асуудлыг анхаарч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Би үүнийг л хэлээд байгаа.
-Улс орны эдийн засаг бол улайж байна. Дээрээс нь шат шатандаа төсвийн мөнгө шамшигдуулдаг асуудал үүсдэг. Иргэд ч үүнд бухимдаж байна. Цаашид тэгвэл төсөв мөнгөний хяналтыг хэрхэн тавих нь зүйтэй бол?
-Ажил яаж сайжирдаг вэ? гэхээр хариуцлага тооцдог байх ёстой. Шат, шатанд хяналт тавьдаг байх ёстой. Ингэж байж татвар төлөгчдийн мөнгийг хямагтай, зөв зарцуулахад бодит үр дүн үүснэ.