НӨАТ-ын буцаан олголтыг хоёр дахин нэмэх сэдэв нийгмийн сүлжээний ээлжит гол “дүр” боллоо. Одоогийн хоёр хувийн буцаан олголтыг тав болгох санал гаргаж цахим парламентаар гарын үсэг цуглуулах спикерийн мэдэгдэл Сангийн сайдын эсэргүүцэлтэй тулав. Асуудал нэлээн хурцдаж буйг ерөнхий зургаар нь харвал парламент, гүйцэтгэх засаглал хоорондын зөрчилдөөн ч гэж ойлгогдож мэдэхээр.
Зөрчил үүсгэж буй гол үндэслэлийг харвал, УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдийн нуруун дээр ирж буй үнийн дарамт буурна нөгөө талдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн тоо өснө гэж тайлбарласан. Харин Сангийн сайд Б.Жавхлан “боломжгүй” гэдгийг хэлжбуй.
Тэрбээр “Таван хувь болгоно гэвэл нэмээд 600 тэрбум төгрөгийн орон зай үүснэ. Улсын төсвөө задлахад хүрнэ” гэж байгаа. Үндсэндээ төсөвт дарамт ирнэ хэмээн эгдүүцэж буй. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмлээ гэхэд өндөр орлоготой хүмүүс нь хожно гэсэн мессеж хэлэлцүүлэг ч өрнөж байна.
https://petition.parliament.mn/ -ийн үр дүнг харвал НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгож нэмэгдүүлэх саналд нийтээрээ шахуу нэгдэж байна. Хуулиараа 30 хоногийн хугацаатай ч өчигдрийн байдлаар тав хоногт 93 мянган иргэн цахимаар гараа “өргөжээ”. Энэ янзаараа үлдсэн 25 байтугай хоёр хоногт л иргэдийн санал 100 мянга давж хууль санаачлах болзол хангах бололтой.
Уг системд 33 мянган иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг, 70 мянга хүрвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100 мянга хүрвэл хууль санаачлах эрх үүсэх юм. Нийгэмд Их хурлын дарга, Засгийн газрын гишүүн хоорондын маргаан, мэтгэлцээн цаашлаад сонгууль угтсан шоу мэтээр олон талын шүүмжлэл басхүү дэмжлэг агуулж буй НӨАТ-ын буцаан олголтын асуудал дээр нэг л зүйлийг ойлгож болно. Ард түмэн худалдан авалт болгондоо НӨАТ-ын 10 хувийг төлж байгаа. Нэг ширхэг бохь авсан ч ялгаагүй. Харин түүнийхээ талыг нь буцааж авах л асуудал юм. Тиймээс энэ мөнгө төрд ер хамааралгүй. Төрийн данснаас биш төлснөөсөө л жаахан хэсгийг буцааж авъя гэдэг санаа. Харин үлдсэн нь төсөвт үлдэнэ. Тиймээс төсөвт дарамт үүслээ гэх мэт “том” тоо бодоод хэрэггүй. Ийм логикийг эдийн засагчид ч ил далд хэлж байгаа. Иргэн төлсөн л бол их, багаасаа үл хамаарч таван хувь нь эргээд халаасанд нь орж ирэх “жижиг” мэт асуудал улс төрийн хүрээнд ихээхэн томорч байгааг харвал цаанаа улс төрийн шалтгаан агуулж байж ч болзошгүй.
С.УЯНГАЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин