
Хүйтний улирал эхэлсэн тул томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч байна. Эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, сургууль, цэцэрлэгийн насныхан химийн эм, тариагаар бөмбөгдүүлж хордсоор байна. Нэг талаар улирлын чанартай өвчлөл нэмэгдэж байгаа ч үүний хажуугаар утаанаас үүдэлтэй агаарын бохирдолтой холбоотойгоор өвчин хүндэрч байгаа нь гашуун үнэн билээ.
Утаа, угаараас шалтгаалж харшил давамгайлсан ханиад нийслэлийн хэмжээнд их гарч байгааг салбарынхан мэдэгдсэн. Ялангуяа, цэцэрлэгийн насны хүүхдүүд харшил давамгайлсан ханиад тусч байгаа аж. Мөн утаатай, тоос, тортогтой агаараар амьсгалснаас хүүхэд бронхиттой болох магадлал өндөр болоод байна.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх сайжруулсан шахмал түлш, коксон түлш хэрэглэнэ гэж нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдэж байв. Сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрэглээнд оруулснаар агаарын бохирдол 40-50 хувь буурна гэж тооцоолсон. Гэвч гэр хорооллын өрхүүдээс агаарын бохирдлын 60 гаруй хувь, үлдсэн хувь нь үйлдвэр болон автомашины утаанаас үүдэлтэй байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт агаарын чанарын индекс шалгах дэлгэцүүдийг утааны голомтот байршилд байршуулсан байдаг. Тус мэдрэгчийн үзүүлэлтээр нийслэлийн Хан-Уул дүүрэгт PM2.5 хамгийн өндөр буюу 237 байгаа бол Баянгол дүүрэгт PM10-ын хэмжээ 234 буюу бохирдолтой гэж гарчээ. Харин бага бохирдолтой хэсгээр нэгдүгээр хороолол орчим, Чингэлтэй дүүргийн таван буудал орчим байгаа бол бусад хэсгээр хэвийн, цэвэр байгаа аж.
Агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулсан төсөв, гүйцэтгэлээс харахад 2017-2024 онд нийт 340.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд 275.1 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч байв.

Агаарын бохирдлоос хамаарч нийслэлийн захын дүүргүүдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, улирал солигдох үетэй зэрэгцэж агаарын бохирдлоос хамааралтай томуу, томуут төст өвчний дэгдэлт өндөр бүртгэгдэж байгааг холбогдох албанаас мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай явагдаж байгааг Эрүүл мэндийн яамаас мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж эмч, мэргэжилтнүүд шүүлтүүртэй амны хаалтыг тогтмол хэрэглэх, гэр болон цэцэрлэг, албан газарт агаар шүүгчтэй болох, антибиотик зөв хэрэглэх, тогтмол халуун бүлээн шингэх уух, хоолой, амаа зайлахыг зөвлөжээ.