http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ажилтай ядуусын арми




Сүүлийн жилүүдэд манай улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй нэмэгдэж байна. Үүний улмаас иргэдийн хооллох зуршил өөрчлөгдөж, хүмүүс хүнсний хэрэглээгээ ч танаж эхэллээ. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагад хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь 2024 оны нэгдүгээр улиралд өнгөрсөн оныхоос 2.6 нэгж хувиар буурсан байна. Хүнсний бүтээгдэхүүний зарлагын бүтцийг задалж харвал, 2023 оныхтой харьцуулахад үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн 1.3 нэгж хувиар нэмэгдсэн байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг 1.5 нэгж хувиар, мах, махан бүтээгдэхүүний нийт хүнсний зарлагад эзлэх хувь 1.0 нэгж хувиар буурчээ. Эндээс монголчуудын хэрэглэж дадсан мах болон сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийн хэрэглээ хумигдах болсныг харж болохоор байна.

Хэрэглээний зуршил хэрхэн хувирсан бэ?

Хүний анхдагч хэрэгцээ хоол хүнс. Тиймээс ямар ч хүн, аль ч өрх орлогынхоо шаггүй хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг. Хүнсэнд зарцуулж буй мөнгөн дүн, хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь тухайн хүний хийгээд тус нийгмийн “эрүүл мэнд”-ийг илтгэдэг.
Хэрэглээний зуршил ийн хувирч байгаагаас гадна хэрэглэгчдийн сэтгэл ханамж, эдийн засагт итгэх итгэл ч өөрчлөгдсөөр буй. “NRCC” болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс Хэрэглэгчийн итгэлийн улирал тутмын судалгааг гаргадаг. Тус байгууллагаас гаргасан судалгаанаас харахад, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар иргэдийн эдийн засагт итгэх итгэл өмнөх улирлаас 0.3 пунктээр буурчээ. Түүнчлэн иргэдийн дунд ойрын ирээдүйд бизнесийн болоод орлогын түвшин муудна гэсэн хүлээлт өндөр байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 77 хувь нь ирэх нэг жилийн хугацаанд үнийн түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн энэ оны нэгдүгээр улиралд өрхийн санхүүгийн байдал өмнөх улирлаас хүндэрсэн байгаа юм. Судалгаанд оролцсон иргэдийн 36.2 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулсан бөгөөд энэ нь өмнөх улирлаас 2.4 пунктээр дээгүүр, жилийн өмнөхөөс 4.6 пунктээр өндөр үзүүлэлт юм. Нийт иргэдийн 6.6 хувь нь орлого 50 хувиас илүү буурсан гэж хариулжээ.
Эдийн засагч Ц.Даваадорж
“Эдийн засгийн байдал сайжрахын хэрээр хэрэглэгчийн итгэл дээшилж, бараа бүтээгдэхүүний худалдан авалт сайжирч, эерэг нөлөө үзүүлдэг. Харин эдийн засгийн байдал муудах юм бол хэрэглэгчийн итгэл буурч, бараа бүтээгдэхүүний эргэлтэд сөргөөр нөлөөлдөг. 2025 оны нэгдүгээр улиралд хэрэглэгчдийн 36.2 хувь нь орлого буурлаа гэж хариулсан байна. Жилийн өмнөхөөс 4.6 пунктээр өссөн дүн. Ингэж өссөн нь орлого муудаж байгааг илэрхийлж байна.
Өөр нэг сонирхолтой өнцөг нь, иргэдийн орлого буурсан ч хөдөлмөр эрхлэлтийн түвшин өссөн байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2024 оны мөн үеэс 4.2 пунктээр өссөн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 68.2 хувь нь өнгөрсөн долоо хоногт ядаж нэг цаг ажилласан эсвэл тогтмол ажилтай байна. Хачирхалтай нь, хөдөлмөрчид нэмэгдсэн ч орлого өссөнгүй.

Дөрвөн хүн тутмын нэг нь ажилтай ядуу

Ядуурлыг бууруулж, дундаж давхаргыг тэлэх нь ихэнх улс орны тэргүүн зорилт. Уг зорилтыг биелүүлж, ядуу гэх ангилалд багтаж буй иргэдийн тоог цөөлөх хамгийн чухал алхам нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Хүмүүс нь хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрөө үнэлүүлдэг, уг хөлс нь амьдрал, амжиргаанд нь хангалттай хүрэлцдэг байхад ядуурал гэх ойлголт алсрах учиртай. Гэвч Монголд ажил хийж, цалин авдаг байх нь ядуурлаас ангижрах баталгаа болж дөнгөхгүй байна. Долоо хоногийн таван өдөр, хоногийн найман цагаар ажилласан ч авсан цалин нь анхдагч хэрэгцээг нь ч хангаж дөнгөхгүй иргэн, өрх цөөнгүй бий. Хэтрүүлээд хэлэхэд, энэ нь монголчуудын нийтлэг дүр төрх. Үүний улмаас ажилтай ядуусын арми бий болж, уг үзэгдэл судлагдахууны хэмжээнд ирээд байна. Хөдөлмөр эрхэлж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь ажилтай ядуу гэсэн ангилалд багтаж байгааг “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн хяналт шинжилгээ, улс орны төлөв байдал” судалгаанд өгүүлсэн байна. Түүнчлэн ажил эрхэлж байгаа залуучууд буюу 15-24 насныхны гуравны нэг нь ажилтай ядуу ангилалд багтаж буйг уг тайланд дурджээ. Залууст эх орондоо ажил хийгээд, авсан цалингаараа амьдралаа босгож, ирээдүйгээ зураглах байтугай өл залгах ч боломж хомс байгаагийн улмаас гаднын улсыг зорьж, алсын хараа нь энд биш харьд чиглэж байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид
“1992 оноос хойшхи 32 жилийн хугацаанд Засгийн газрын зорилтууд өөрчлөгдөж, төрийн эрх баригч улс төрийн намууд солигдож, эдийн засгийн өсөлт, бууралттай байсан атлаа ядуурал огт буураагүй төдийгүй одоо бүр тогтолцооны ядуурлын тухай ярих болоод байна. “Ажилтай ядуу” гэдэг ч үзэгдэл байна. Анхдагч хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бол дараагийн асуудалд санаа тавих боломж бага. Бие нь өвдсөн үед, хоолгүй, унаагүй хүн гэрээсээ зайтай байх сонгуулийн хэсгийн хороонд очиж сонгуульд санал өгөхийг хүснэ гэж бодохгүй байна.”
Ажилтай ядуусын тоо нэмэгдэж, хүрээ зузаарахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь мэдээж үнийн өсөлт. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтмол нэмэгдэж буйд тахал, дайн, зуд гэхчлэн олон шалтгаан бий.
Эдгээрээс гадна сонгууль угтсан шийдвэрүүд ч үнийн өсөлтийг өрдсөн. Тодруулбал, бэлэн мөнгө тараах, цалин тэтгэвэр нэмэх зэрэг бүтээмжид суурилаагүй цалин, мөнгөний өсөлт инфляцыг хөөрөгдсөн.
Улмаар иргэдийн гарт олгож буй цалингийн тоо нэмэгдсэн ч зарлага түүнтэй нь дүйж, зарим тохиолдолд давж өссөөр байна. Тоо сөхье. Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2020 оноос 87.1 хувиар нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс ердөө 32.4 хувиар өссөн байна. Түүнчлэн цалингийн өсөлтийг дагаад түүнд ногдуулж байгаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл ч нэмэгддэг.
Хүмүүс зөгий шиг ажиллаад ч идэж, уух нь элбэг, эдэлж хэрэглэх нь хангалуун амьдарч чадахгүй байна. Идэх, өмсөх зэрэг энэхэн зуурын хэрэгцээгээ хангахад бэрх байхад орох орон, унах унаа тансаг хэрэглээ, холын хүсэлд тооцогдохоос ч аргагүй. Ийм нөхцөлд амь дүйж буй залуусын хувьд “чөтгөрийн тойрог”-оос гарах сиймхий нь харьд очиж, хар ажил хийх. Хил давж чадаагүй нь сард хоёр хувааж авдаг цалингаа хоёр хоногт л сэгсэрч, үлдсэн өдрүүдийг өрнөөс, өрний хооронд өнгөрөөж, ажилтай ядуусын эгнээг тэлж буй.

https://eagle.mn/r/9buiXewrbKH
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ