Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуяг нь албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, аав, ах дүүс, танил талын компаниудад тендер олгож, ашиг сонирхлын зөрчил гаргах байдал газар авчээ.
Хуулиараа 6-р сарын 1нээс өмнө улсын хэмжээнд тендер шалгаруулалт дуусах ёстой. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн шалгаруулсан тендертэй холбоотойгоор Сангийн яаманд 30 гаруй компани гомдол мэдүүлээд байна. Өмнийн говийн тендерт орсон компаниуд ийнхүү өргөдөл гомдол гаргаж байгаа шалтгаан нь Худалдан авах ажиллагааны газрын дарга Э. Ганхуягийн тойрсон сүлжээтэй холбоотой юм. Компаниуд гомдол гаргасанаар тухайн тендерийн дэнчинд тавьсан мөнгөө алддаг. Энэ мөнгийг ч үл тоон Худалдан авах ажиллагааны газрын асуудлыг хөндөх болсон нь тус аймагт хууль бус тендэр шалгаруулалт нүүрэлснийг илтгэж байна.
Өмнөговийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулсан байна.
Тухайлбал, Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг нь өөрийн төрсөн дүү Э. Очирхуяг “ Хуяг эрчим” гэх компанид цахилгаан, эрчим хүчний тендер өгсөн байна. Тус компани нь Өмнөговь аймгийн эрчим хүчний салбарын 21 удаагийн тендерт ялсан гээд бодохоор албан тушаалын давуу байдлаа илтэд ашигласан нь харагдана. Нийт тендерийн үнийн дүн нь 6.2 тэрбум төгрөг. Ингээд зогсохгүй өөрийн аав Т.Энхээгийн компанид 10 гаруй удаагийн тендерт ялуулсан.
Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг гэгчийн гэр бүл тус аймгийн 30 гаруй тендерийг авчээ.
Үүнийг эсэргүүцсэн компаниуд Сангийн яаманд өргөдөл гомдол гаргаж, хууль бус тендэрийн ажлыг шалгаж өгөхийг хүссэн байдаг. Э.Ганхуяг нь Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэнээр 10 гаруй жил, газрын даргаар 2 жил ажиллаж байна. Төрд 12 жил ажиллахдаа тендэр завшиж, хууль бус сонгон шалгаруулалт хийж, хамаатан садан, найз нөхдөд тендер олгуулдаг болсоныг Өмнөговьчууд шүүмжлэх болжээ.
Түүний Худалдан авах ажиллагааны газрын дарга болсон түүх нь Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбаттай нэг ангид сурсан, найз нөхөд гэдэгтэй холбоотой. Аймгийн даргын дэмжлэгээр Худалдан авах ажиллагааны газрын дарга болж, хууль бус үйл ажиллагаа явуулах нь нэмэгдсэн талаар ч ярьж байгаа юм. Зөвхөн Э.Ганхуяг төдийгүй Өмнөговь аймагт тендэрт ялдаг цөөн хэдэн хүн бүлэг болсон талаар ч баримтууд ил болж эхэллээ.
-Өмнөговийн Дата төвийн дарга Б. Чинбатын гэр бүл 33 тендерт ялжээ-
Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан, 2024 оны орон нутгийн сонгуульд өвдөг шороодсон Б.Чинбат гэгчийг Дата төвийн даргаар аймгийн дарга Н.Энхбат томилжээ. Б.Чинбат нь Өмнөговь аймгаас 33 тендер авсан байдаг. Тэрбээр өөрийн гэргий С.Номинцэцэгийн нэрээр компани байгуулж, тендерт оролцож, цэцэрлэгт хүрээлэнгээс өгсүүлээд сүлжээний тендер авдаг болсон байна. Даланзадгад хотын Зүүн Сайханд 5 тэрбум төгрөгийн цэцэрлэгт хүрээлэнгийн тендерийг авсан гээд opendata.mn-д нээлттэй мэдээллүүд бий.
Уул уурхайд түшиглэсэн Өмнөговь аймагт жилдээ чамгүй өндөр дүнтэй тендер зарлагддаг. Гэвч тендер сонгон шалгаруулалт нь удаа дараа хууль бус өрнөх болсон учраас оролцогч компаниуд Авлигатай тэмцэх газар болон Сангийн яаманд хандах болжээ.
Албан тушаал, танил тал, улс төрийн давуу байдлаа ашиглан улс орон, оролцогч компаниудыг хохироож байгаа учраас Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн хууль бус хөрөнгөжилт, тендер шалгаруулалтыг шалгаж өгөхийг хүсэж байна.
https://news.zindaa.mn/53lr