Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл нийт 34 орчим их наяд төгрөгийн орлого олж, 35.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.9 их наяд төгрөгийн алдагдал бүхий төсөв байхаар УИХ-аар баталсан ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл Ерөнхийлөгч өгсөн. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын шийдвэр гарах ёстой боловч хоригийг УИХ-ын гишүүд болон нам эвслүүд дэмжиж хүлээж авахаа эхнээсээ мэдэгдсээр байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хүлээж авсан тохиолдолд хаанаас, хэнээс, ямар зардлуудыг хянаж, танах нь анхаарал татаж байгаа юм.
Угтаа ирэх оны төсөв батлагдахаас өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд зөвхөн урсгал зардлаасаа 3.6 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой гэж мэдэгдсэн.
Харин Ерөнхийлөгчийн хүслээр алдагдалгүй төсөв батлахдаа тулбал ердөө 1.9 их наяд төгрөгийн зардал хасах буюу дээрх гишүүдийн хэлсэн 3.6 их наяд төгрөгийн ердөө тал хувиар нь танах шаардлага тулгарна. Тиймээс нэгэнт төсвөө дахин хэлэлцэж, дахин батлах юм бол үргүй зардлуудаасаа дөмөгхөн хасах санаачилга ч гарч байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байна.
Тухайлбал, цалин тэтгэвэр, тэтгэмжийн үнийн өсөлттэй уялдуулсан өсөлт, хууль хүчний байгууллагуудын бие даасан хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа зардал, Боловсролын багц хуулийг дагасан зардал гэх мэт.
Энэ зардлуудыг эргэн харах нөхцөл байдал үүснэ. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарах байх гэдгийг тодотгосон юм.
Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулсан.
Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Монгол улсын нэгдсэн төсөвт бусад гэх ангилалтай зардлууд маш их хувийг эзэлж байна. Жишээлбэл Бараа үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хураамж гэх мэт. Тус ангиллуудын зардлын хэмжээ ойрын хоёр жил огцом нэмэгдэж байгаа бөгөөд яг юунд зарцуулж буй дэлгэрэнгүй тайлбар одоогоор байхгүй. Нэг ёсондоо нэг багц нэр томьёогоор халхавчилж, үргүй зардал, үрэлгэн төсөв баталж байна гэдэг шүүмжлэл бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирлаа. Тоо худлаа хэлдэггүй. 2017 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 324 тэрбум байсан бол 7 жилийн дараа 1.9 их наяд болж, зургаа дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө бидний баталж байсан 2023 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр бараг 1.9 их наяд төгрөг болж бараг хоёр дахин нэмэгдсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгддэг зардал гэж юу юм бэ. Энэ эрүүл өсөлт юм уу, зөв юм уу. Төсвийн үр ашиг юм уу. Төсвийн сахилга бат гэдэг юм хаа байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаа байгууллагын гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг зардал биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа. 2023 онд 457 тэрбум байсан, жилд 450 тэрбум төгрөгөөр зардал нэмэгддэг асуудлыг яах вэ. 2024 онд 1.4 их наяд байсан, 2025 онд 1.9 их наяд болсон. Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр болгоноор нь баталж байх ёстой. Гэтэл одоо улсын төсөв дотор бүхэл дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр сууж байгаа зардал. Энийг би буруу гэж бодож байна. Буцаагаад өнгөрсөн жилийн төвшинд буюу 1.4 их наяд болгон, 360 тэрбум төгрөгөөр хэмнэе” гэх саналыг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин “ Гадаад, дотоод томилолтын зардал 2022 онд 28 тэрбум байсан бол 2025 онд 111 тэрбум болж нэмэгдсэн байна. Үүний 41 тэрбум төгрөг нь гадаад, 47 тэрбум төгрөг нь дотоод томилолтод зарцуулагдахаар байна.Гадаад томилолтын урсгал зардал улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон, дотоод томилолт 132 хувь, зочны зардал 137 хувь, их засвар 186, урсгал засвар 150 хувиар өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 1 их наядаас 1.4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээний зардал 979 тэрбумаас 1.4 их наяд төгрөг болсон гэх мэт жишээ байна. Тиймээс эдгээр зардлуудаасаа хасах, танах хэрэгтэй гэсэн санаачилга гаргаж байна" гэж мэдэгдсэн.
Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг дахин хэлэлцэн батлах ирэх оны төсвөөс хасах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байна.
Урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардлаас тодорхой хувь хэмжээгээр танах шаардлагатай бол Соёлын сайдын багцад орсон "Хүүхдүүдэд соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх" 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй ваучераас авхуулаад, Гадаад харилцааны сайдын багцад багтсан “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв барих ажилд зарцуулах 12 тэрбум төгрөг, нийт 12 суманд баригдах “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн байр”-нд зарцуулах 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын барилга гэх мэт нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлуудаа түр хугацаагаар хойшлуулах, төсвийн зардлаас хасах боломжтой гэсэн санал санаачилгууд ч хөвөр ч байна. Ямартай ч ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэж, хүлээж авсан тохиолдолд хэн, юунд зарцуулах төсвөөсөө ханаж, танах санал оруулж ирэхийг харах л үлдэж байна. Дүр исгэсэн ардчилал гэдэг шиг дүр исгэсэн хориг, дүр исгэсэн хэлэлцүүлэг өрнөж хөшигний ард, хөнжил дотроо тохирчхоогүй л байгаасай. Алдагдлыг арилгах нэрээр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий”…
https://shuurhai.mn/p/28786