Баян-Өлгий аймгийн нутгаар аялагчдын гайхшралыг төрүүлдэг газруудын нэг бол Цагаан гол юм. Цагаан гол нь Алтай Таван Богд уулын Потанины мөсөн голоос эх авч 111 км урсан Цэнгэл сумын төвөөс хойд зүгт 10 орчим км газарт Ховд гол руу цутгадаг. Тухайн голын ус нь сүүн цагаан өнгөтэй байдаг тул нутгийн иргэд Сүүн гол хэмээн нэрлэх нь ч бий.
Цагаан гол нь уулын догшин түргэн урсгалтай гол учир зуны улиралд усны түвшин нэмэгдэж, чулууг хүртэл урсгадаг. Аймгийн төв Өлгий хотоос Цэнгэл сумын төвийг дайран Алтай Таван Богд, Шивээт хайрхан уулын чиглэлд аялахад энэ голыг гатлах шаардлага гардаг. Иймээс өглөө эрт, усны түвшин бага байхад нутгийн иргэд, газарч нарын тусламжтайгаар гатлах нь зүйтэй. Учир нь голын ёроол харагддаггүй тул машинаар чулуу мөргөх, гүнзгий хонхор руу орж усанд суух эрсдэлтэй. Түүнчлэн Цэнгэл сумын төвөөс 50 гаруй км газарт Загаст нуур багийн төвийн ойролцоох модон гүүрээр гатлах боломжтой.
Дотоодын зарим аялагч голын усыг "сүү"-тэй зүйрлэн тахин шүтэж аягалж уух нь их тохиолддог. Гэхдээ энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Учир нь Цагаан голын ус цайвар өнгөтэй байдаг нь мөстлөг ихтэй газраас эх авдагтай холбоотой аж. Мөсөн голууд хүндийн хүчний нөлөөгөөр нүдэнд мэдрэгдэхгүйгээр маш удаан урсаж, энэ үеэр ёроолын шохойлог чулуулгийг нарийн ширхэгтэй болгож тээрэмдэн нунтаглаж байдаг. Мөсөн голын урсгалын үеэр бий болсон чулуулгийн тунамал хурдас ихтэй газраас эх авч байгаа тул Цагаан голын ус сүүн цагаан өнгөтэй болдог. Иймээс их хэмжээний чулуулгийн нунтагтай ус уух нь хүний хоол боловсруулах, шээсний замын эрхтнүүдийг гэмтээж болзошгүй.
Цагаан голын хөндийд хүрлийн болон түрэгийн үеийн эртний түүх соёлын дурсгалын хөшөө, булш, хүн чулуу элбэг байдаг. Тус голын Ховд голтой нийлсэн хэсгийг дээрээс харахад зүүн эргийн ус цагаан, баруун эргийн ус хар хөх өнгөөр ялгарч урсдаг. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь аялагчдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж, сүүлийн жилүүдэд Цагаан голын бэлчрийг үзэж сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байна.
Цагаан гол ба Ховд голын бэлчир. Зургийг: Г.Батсүх