Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулагдах гэж буй Шинэ Зуун мод хотод инженерийн шугам сүлжээг татах ажлууд хийгдэж байгаа бөгөөд 12 дугаар сард дуусах юм байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Шинэ Зуун мод хот Улаанбаатарын дагуул хот болсон. Хотын захирагчаар соёлын дэд сайд М.Батбаяр томилогдон ажиллаж байна.
Шинэ Зуун мод хотод одоогийн байдлаар инженерийн шугам сүлжээнүүдийг татах ажил ид өрнөж байна. Зарим шугам сүлжээг 12 дугаар сард ашиглалтад оруулна.
Тус хотын 80%-ийг Улаанбаатар эзэмшдэг тул дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих, цэвэрлэх байгууламжтай болгох, 2025 оны төсөвт авто замын зургийн төсвийг тусгаж, барих гурван асуудлыг шийдэж өгнө. Шинэ Зуун мод хотод эхний ээлжид 51 километр замыг барина. Явган болон дугуйн зам, ногоон байгууламж, бүх зам нэвт гардаг төлөвлөлттэй.
ДЦС, цэвэрлэх байгууламжтай, авто замтай хотод хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу тендер зохион байгуулагдана. Тухайлбал төлөвлөгөөний дагуу outlet, орон сууц барих сонирхолтой хүмүүс төслөө танилцуулж, тендерт тэнцвэл хугацаа өгчихнө. Өөрөөр хэлбэл Шинэ Зуун мод хотод хөрөнгө оруулалт хийх гэж буй хүмүүст бүх зүйлийг урьдчилан бэлдэж өгнө.
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зуун мод хот буюу Хөшигийн хөндий орчмын ААН, байгууллагуудаас татвараа хурааж эхэлнэ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот газар нутгаа 31,000 га-гаар тэлж, анхны дагуул хотоо бүтээн байгуулах гэж байна" гэж мэдээллээ.
Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд:
- Эдийн засгийн чөлөөт бүс
- Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
- Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
- Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
- Худалдаа, бөөний төв
- Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
- Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
- Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүс байхаар төлөвлөжээ.