“Одоогийн залуус болохгүй байна” гэх яриа хэзээнээс газар авч эхэлснийг мэдэхгүй. Нэг л мэдэхэд “1980, 1990-ээд оноос хойш төрсөн залуус болохгүй байна” гэж ам хазайн үнэлэх болсон байдаг. Манай залуус үнэхээр болохгүй болж байна гэж үү?
Саяхан бид ӨМӨТЗО-ы Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга сууринд төрж өссөн 1990-ээд оны залуу хостой уулзаж, “залуусын талаар ойлголт авч, одоогийн залуус болж байна”, “залуусаараа бахархах цаг болжээ” гэх баттай хариултыг авсан билээ.
Уянга, Сүрлэг нар Батхаалга сууринд “Ануужин” монгол хувцас загварын оёдлын студи болон “Умард тал” шорлогийн газар ажиллуулан үеийн залуусынхаа дунд үлгэр дуурайл болж явна. Тэд Батхаалга хэмээх энэхүү жижигхэн сууринд өсөж төрсөн болохоор хар багаасаа нэгнийгээ мэддэг төдийгүй дээд доод ангид сурдаг номын нөхөд юм.
Тэд ахлах сургуульд сургуулиа дүүргээд нэг нэгэндээ хайртай дуртайгаа илэрхийлэн амраг хос болжээ. Залуу хүний гал халуун хайрандаа шатаж хичээл номоо орхихгүй харин ч хамтдаа илүү ихээр шимтэн суралцаж итгэл зоригтойгоор санасан хүссэн их сургуульдаа жил дараалан элссэн билээ. Сүрлэг Хөлөнбуйр Их Сургуульд хятад хэлний анги, Уянга Өвөр Монголын Эдийн Засгийн Их Сургуульд эдийн засгийн мэргэжлээр тус тус элсэн оюутны амьдралаа эхлүүлжээ.
2014, 2015 онд тэд оюутны амьдралаа дүүргээд өлгий нутаг Батхаалга сууриндаа буцаж ирэн бизнесийн замаа эхлүүлэв. Ер нь хот сууринд өсөж төрснийх болоод тэр үү, хот сууринд албан ажил албатай хүний үр хүүхэд болоод тэр үү албан газар ажил албатай болно гэж яараагүй. Харин өөр өөрийн дуртай хайртай ажлаа хийхийг эрэлхийлсэн юм.
Уянга оёж урлахдаа авьяастай болохоор Монгол Улсын Улаанбаатар хот болон Хятадын Бээжин зэрэг хотод суралцан авьяас, дур сонирхлоо ажил мэргэжил болгон бизнесийн замаа эхлүүлсэн бол Сүрлэг харин Хятад улсын дотор газар орон дахь хөгжил сайтай том том хотууд болох Шанхай, Бээжин зэрэг хотод очин том ресторанд туслах ажилчнаар ажиллахын зэрэгцээ хоолны газар ресторан ажиллуулах талын туршлага хуримтлуулжээ.
Амьдралдаа ийм тодорхой зорилттой байна гэдэг өнөө үеийн залуучуудад баймгүй санагдавч Уянга, Сүрлэг нар зорилго тавин мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй хөдөлмөрлөж, тасралтгүй суралцаж өөрийгөө төгөлдөржүүлэн бизнес эрхэлж яваа бодит байдлаас хараад залуу үеийнхнээ хэт өрөөсгөлөөр хардаг байснаа мэдэрч билээ.
Уянга шинэ загварын онцлог бүхий дээл тэрлэгийг урлан түмнийхээ бахархлыг хүртэж, жил цагаан сар, хурим найр гээд баяр ёслолын тоогоор ажлын газар нь захиалга ихтэй болж Дархан Муумянган холбоот хошууныхаа брэнд оёдлын газрын нэг нь болсон байдаг.
“Монгол оёдол нарийн ширийн нямбай байдаг бол хятад оёдлын хийц загвар нь өвөрмөц байдаг. Би монгол уламжлалт оёдлын үндэс суурь дээр хятад оёдлын давуу талыг ашиглан өөрийн өвөрмөц онцлог тал болгохоор ажиллаж байна” хэмээн ярих уран самбаатай, бүтээлч энэ бүсгүйн бодол сэтгэлийнх нь эчнээ ертөнцийг сүмбэн цагаан хурууд нь хэлэх мэт торго дурдан дээр жирэлзэнэ.
Сүрлэгийн хувьд насандаа баймгүй бодолтой ухаалаг залуу. Хэд хэдэн удаа хоолны газар нээж хааж байсан ч гэсэн огт зориг мохож шантарч байгаагүй. Нарин нэгээс нэгд туршлага хуримтлуулах болсон тэрээр “Хоолны газар ажиллуулахад юун түрүүнд материалын нийлүүлэлт сайн байх нь чухал. Дээр нь хариуцлага чухал юм” хэмээн өнгөрснөө дүгнэн ирээдүйгээ төсөөлөн ярилаа.
Их сургуулиа эдийн засаг, хятад хэл бичгийн тусгай мэргэжил суралцсан тэд сурсан тусгай мэргэжлийнхээ дагуу ажил эрхлээгүй юм.
“Оюутан болж их сургуульд суралцах нь заавал албан ажил хийх шаардлагагүй. Их сургууль бол өөрийг чинь дахин боловсруулах тусгай хүрээлэн, их сургууль бол нийгэмд гарах анхны гарааг бэлдэж өгдөг үндэс суурь” гэж ярих нь тэдний ойлголт гэхээс илүүтэй манай залуу үеийнхний мэдэх ёстой зүйл хэмээн санагдаж билээ.
Ажил амьдралдаа итгэлтэй зорилготой, хөдөлмөрч ухаалаг байдал нь энэ хосын бизнесийн үндсэн оньс байжээ. Тэд бэрхшээлийн өмнө бууж өгч байгаагүй. Ангайж хэвтээд танхайж суугаад бэлнийг идэж амрыг бодоогүй. Хар багаасаа харилцан бие биедээ эрч хүч өгч хамтдаа хичээж яваа нь тэдний амжилтын эх сурвалж байлаа.
Зохиогч: | Нийтлэл: Ш.Цогзолмаа, Ц.Урантунгалаг, Т.Буянхишиг |
Найруулагч: | Ш.ЦОГЗОЛМАА |
Эх сурвалж: | Солонго мэдээллийн төв |