
Вьетнамд Бямба гаригийн орой (2025.07.19) гэнэтийн хүчтэй аадар бороо орсны улмаас жуулчдыг тээвэрлэж явсан завь хөмөрч, наад зах 37 хүн нас барсан байна. Орон нутгийн "VNExpress" сонин мэдээлснээр, аяллын "Wonder Sea" завинд нийт 48 зорчигч, багийн таван гишүүн зорчиж байсан бөгөөд тэд бүгд вьетнамчууд байжээ. Тухайн аяллын завь жуулчдын хамгийн их очих дуртай Ха Лонг буланг зорьж байв. Гэсэн хэдий ч бороо хэтэрхий хүчтэй байсан бөгөөд аврагчид дөнгөж 11 хүнийг эсэн мэнд аварсан байна. Харин нас барсан хохирогчдын цогцсыг завь хөмөрсөн газрын ойролцоо олж, гаргаж авсан гэж тус сонинд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар таван хүн ор сураггүй алга болжээ.
Амьд гарсан хүмүүсийн дунд 14 настай хүү байсан. Тэрбээр хөмөрсөн завины их биед байсан бөгөөд осол болсноос дөрвөн цагийн дараа аврагдсан байна. Сонины мэдээлснээр, жуулчны завийг Ням гаригийн үүрээр эрэг рүү татсан бөгөөд дотроос нь багийн гурван гишүүний цогцос олдсон байна. Зорчигчдын ихэнх нь Ханой хотоос ирсэн дотоодын жуулчид, тэр дундаа 20 орчим хүүхэд байсныг тус сонинд тэмдэглэсэн байв.
Үндэсний цаг уурын урьдчилсан мэдээгээр, халуун орны шуурга Вьетнамын бүс рүү шилжиж байгаа тул гэнэтийн хүчтэй салхилах нь нэмэгдэж байна. Түүнчлэн Вифа шуурга ирэх долоо хоногт Вьетнамын хойд бүс нутаг, тэр дундаа Ха Лонг булангийн эргийг дайрах төлөвтэй байгаа аж. Тиймээс дотоод, гадаадын жуулчдыг ирэх долоо хоногт тус булан руу аялахгүй байхыг уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: CGTN