Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ГАРААР УРЛАСАН ГОВИЙН БАЯНБҮРД


Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг энэ удаад Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах өөрийн эзэмшлийн талбайд хиймэл нуур, мод зэргийг суулгаж тав тухтай орчныг бүрдүүлж иргэдэд үйлчилж буй бичил цэцэрлэгт хүрээлэнгийн талаар хүргэх болно. Говьд модод ногоорон ургасантай тааралдах нь тун ховор байдаг билээ. Тэгвэл иргэн Т.Ганбаатар гэр бүлийнхэндээ зориулан говь нутагт цэцэрлэгт хүрээлэнг бий болгох хүсэл нь өдгөө өдөрт 50-100 иргэнд үйлчилдэг бичил цэцэрлэгт хүрээлэн болон өргөжсөн байна.

Говийн шаргал наран жаргахтай зэрэгцэн Дорноговь аймгийн Сайншанд сумын хийдийн хажууд байх “Гараар урласан говийн баянбүрд”-д очсон юм. Очихоос урьтаж бидэнд хөтөч хийж буй хүн удахгүй танилцах газрын талаар танилцуулж “Говьд ирсэн ч хангайд байгаа мэдрэмжийг өгдөг нэг сайхан газар бий” гээд жолоочийг гэр хорооллын замаар явуулав. Би жаахан гайхаж гоё газар гэж хэлсэн ч хаашаа яваад байгаад нь хэсэг зуур эргэлзэв.

            Төд удалгүй гэр хороололд байрлах нэгэн айлын гадаа ирлээ. Автобуснаас буугаад хашаа руу харахад хашаанаас нэлээн хэдэн метрийн өндөрт ургасан ногоон модод очиж буй хүн бүрийн анхаарлыг татна. Гайхах, эргэлзэх хоёр зэрэгцэн модон хаалгаар нэвтэрч орлоо. Ороод 2-3 алхаад л бүгд “Пөөх, ямар гоё тохижуулсан газар вэ” гэж уулга алдаж, алмайрна. Хөтөч хийж буй хүн бидэнд хандан “Энэ газар бол Т.Ганбаатар гэх, манай нутагт насаараа санхүү, нягтлангийн ажил хийсэн ахын гараар урласан хүрээлэн. Нутгийн иргэд болон амрагчид ирж үйлчлүүлдэг. Байгалын бүх үзэсгэлэнг цогцлоосон, өвөрмөц бөгөөд сэтгэл шингэсэн бүтээл” гэв. Үнэхээр жирийн иргэн, ганцаараа бүтээсэн гэдэгт нэг л итгэл төрөхгүй байлаа. Тэгтэл урдаас саарал үстэй, нүүр дүүрэн мишээсэн нэг ах ирэв. Би “Цэцэрлэгийг хариуцан ажилладаг ажилтан бололтой” гэж бодсон юм.  Гэтэл өөдөөс “Сайн явцгааж байна уу, хаа газраас зорьж явна даа. Би энэ газрыг бий болгосон Т.Ганбаатар гэдэг хүн байна” гэлээ. 

             Хамт явцгаасан хүмүүс бүгд л тус цэцэрлэгийн энгийн хэрнэ сэтгэл татам байдал хорогдож, сонжино.

           Цэцэрлэг рүү орохоос өмнө, хөтчийн үг алт мэт байсан ч дотогш орсноос хойш Т.Ганбаатар ахын яриа илүү анхаарал татаж байв. Иймд би түүнээс Үнэхээр сонирхолтой санагдаж байна. Та өөрийн гараар бүтээсэн цэцэрлэгийнхээ талаар яриа дэлгээч” гэж хүсэв. Хариуд нь эелдгээр инээмсэглэн “Бололгүй яахав” гэв.  Цэцэрлэгийг тойрон алхангаа хэсэг зуур ярилцав.            Надад Т.Ганбаатар ахаас асуухыг хүссэн гурван асуулт байсан юм. Яагаад энэ бүхнийг бүтээхийг хүссэн, хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн, өдийг хүртэл өөрөө ажлуулсан  зэрэгт л хариулт авчихвал болчих мэт санагдаж байв. Цэцэрлэгийг тойрон алхангаа хэсэг зуур ярилцаж, би ч толгойд эргэлдэх асуултуудаа асуулаа. 
         Тэрбээр “Ах нь одоо 63 настай. Манай гэр энэ урд талын байшин. Цэцэрлэгт хүрээлэнг анх байгуулах санаа хэрхэн төрсөн бэ гэвэл одоогийн энэ газрыг “Хашаа байшинтай нь зарна” гэхээр нь эхнэр хүүхдүүддээ зориулсан “Мод үржүүлгийн газар болгоно” гэж зориглоод  1998 онд худалдан авч байлаа. Мод тарих ер нь миний сонирхол байсан. Тэгээд хашаа байшингаа худалдаж аваад мод үржүүлэг хийх гэтэл зай нь жижигдээд боломжгүй гэдгийг ойлгосон. 2009 онд Хайнан руу ажлаар явсан. Хайнанд очоод надад  “Энд ийм гоё байгаль байхад яагаад, хашаагаа бичил цэцэрлэгт хүрээлэн болгож болохгүй гэж” гэсэн сэдэл авсан. 
                          Үүн дээрээ үндэслэн бичил цэцэрлэгт хүрээлэнгийн тохижуулалтыг судалж, моднуудаа зайчилж эхэлсэн. Хиймэл нуурыг үүсгэхэд хамгийн гол гаргалгаа нь  мод үржүүлгээ хийхэд ус хэрэгтэй болсон учраас хашаандаа гүний худаг гаргасан байсан. Тиймээс усны асуудал шийдэгдэж, бичил цэцэрлэгт хиймэл нуур үүсгэхэд асуудалгүй болсондоо. Энд байгаа бүх зүйлсийг би өөрөө хийсэн. Хүн хэрэв зорьж чадвал бүтээж болдог гэдгийг олон айлууд харсан байх гэж боддог. Манай цэцэрлэгт хүрээлэн чинь нэг айлын газрын талбай буюу 2060 м.кв-д 17-18 төрлийн 2500 гаруй мод ургаж байна.  Ховор төрлийн мод гэвэл Тоорой, Гацуур, Улиас зэрэг өөр өчнөөн мод бий. Цэцэрлэгт хүрээлэнгээ бүрэн тохижуулж дууссан чинь ойр хавын хүмүүс их сайшааж, таних танихгүй олон хүн зорин ирэх болсон. Одоогоос арван жилийн өмнөөс иргэдэд үйлчилдэг бичил цэцэрлэг болгоод байна ” гэж хэлсэн юм. 

                     Т.Ганбаатар ахтай ярилцаж байхдаа тус цэцэрлэгийн жижиг диталь бүрийг анзаарч байв. Хашааны үүдээр орсноор л зөөлөн ногоон зүлгэн дээгүүр алхсаар бяцхан гүүрэнд хүрнэ. Гүүрэн дээрээс хиймэл нуур  харагдана. Моддын өнгө, далайн эргийг санагдуулам чийг, хиймэл нууран дээр унасан модны навчис, говийн нарны жаргахтай хоршиж ямар тансаг байсан гэж санана. Зүгээр ч нэг мод ургамал, хиймэл нуур бий болгоод орхилгүй үйлчлүүлж буй хүмүүст зориулан олон сонирхолтой “Бяцхан” булангуудыг бүрдүүлжээ. Байгалийн үзэсгэлэнг мэдэрч цааш алхахад чулуугаар босгосон, ширээ сандалтай тааралдсан. Энэ мэт ширээ нэлээн хэд байсан. Энэ яг л байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлж байв. Хиймэл нуурын хажуугаас жаахан цааш явахад л “Тайвшрал” авах боломжтой савлууран сандал бий. Тэнд хэсэгхэн суугаад жаргаж буй нар, ягааран харагдах тэнгэрийн хаяаг харахад  ямар ч хүн байсан сэтгэлийн их тайвшралыг олж авна гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатараас очиж буй надад онцлох, сонирхох зүйл цөөнгүй. 

               Биднийг очиход 4-5 хосууд болон дийлэнхдээ багачууд үйлчлүүлж байсан. Нар жаргаж, дулаан илч буурч байхтай зэрэгцэн томчууд үйлчлүүлэх нь элбэг юм билээ. Сүндэрлэж буй моддын дор, чулуун ширээ, тохижуулсан булан бүрд хүмүүс сууж харагдана. Оройн цагаар ихэнхдээ томчууд тогтмол үйлчлүүлээд хэвшсэн нь анзаарагдаж байсан юм. Тэр дунд анх удаа ирж, гайхаж буй хүн ч байсан. Хаанаас ч ирсэн хүн говийн “Баянбүрд” болжээ гэж хэлэх үе их гэж Т.Ганбаатар ах хэлж байлаа.
                  Тус цэцэрлэгт ирж буй хүмүүсийг угтах, чиглүүлэх, мэдээллээр ханган ажлыг Т.Ганбаатар ах өөрөө бүгдийг хийдэг учир удаан сууж яриа өрнүүлэх боломжгүй. Түүнийг завгүй байх хооронд хамт яваа аялагчдыг анзаарвал “Гараар урласан говийн баянбүрд”-ийн нэг ширээнд хэдийнэ тухалж, ширээ заасан харагдана. Асуухыг хүссэн асуултандаа хариулт авах зуур олон ч ажлыг амжуулсан гэж тэд надад хэлэв. Тодруулбал, бүгд байгалийн үзэсгэлэнг гараараа цогцлоосон урланд дурсамж болон үлдэх гэрэл зургийг даруулж, хосоороо яваа хүмүүс нь цэцэрлэгийн төв хэсэгт байрлах хоёр савлууран дээр сууж дулаан яриа өрнүүлсэн зэрэг өвөрмөц газар өчнөөн зүйлсийг амжуулсан байлаа. Хамт яваа хүмүүс минь сайхан дурсамж бүтээж буйд баярласан ч нэг зүйлийг гайхаж байсан юм. Тэр нь олон нийтэд үйлчилдэг цэцэрлэгт хүрээлэнд өөрсдийн авч яваа алим, жимс, чихэр зэргийг чимэглэн ширээ зассан явдал байлаа. Цэцэрлэгт хүрээлэн гэхээр гаднаас юм авч орох хориотой, хог болгож бохирдуулах эрсдэлтэй гэсэн тогтсон хандлагандаа би өөрөө баригдсан байж таарсан.  “Гараар урласан говийн баянбүрд”-д хэрэгтэй зүйлээ авч ороод, бохирдуулалгүй үйлчлүүлэх бүрэн боломжтой гэж хөтөч надад хэлэхэд “Хөөх, тийм үү Т.Ганбаатар ахаас асуух асуулт нэгээр нэмэгдлээ” гэж хэлсэн нь тэнд байгаа хүмүүсийн инээдийг хүргээд амжсан. Энэ мэт гайхах, уулга алдах зүйлс олон байсан.

Естой л эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг шиг хөлс хүчээ шингээж урласан бичил цэцэрлэг нь өнөөдөр түүнийг олон хүнээс баярлаж, талархсан урмын үг сонсоход хүргэжээ. 

                       Хүний хөл хөдөлгөөн багасах үед Т.Ганбаатар ахтай уулзахаар дахин очсон юм. Тэр үед цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэл асаж, тэнд үйлчлүүлж буй хүмүүст баяр баясал авчирч байв. Мөн цэцэрлэгийн зарим ширээнүүдийн дээгүүр ногоон гоёлын гэрэл анивчина. Энэ нь уур амьсгалыг улам л чимнэ. 
               Цэцэрлэгт болж буй гайхширал төрүүлэх гэрэл, тохижилт, бүтээн байгуулалт зэргийг өөрийн гараар л хийсэндээ гэж хэнэггүй инээх түүний бүтээсэн бичил цэцэрлэгт хүрээлэнд тогтсон нэр байдаггүй бөгөөд хүмүүс дурын нэршлээрээ нэрлэдэг тухай өгүүлж байсан юм. Тэрбээр “Анхандаа гэр бүлийнхэндээ зориулж хийсэн учраас, олон хүн үйлчлүүлээд, ирэхээр муухай болчих байх гэсэн бодол төрж байсан. Гэсэн ч нэгэнт л бүтээн байгуулалт хийсэн зүйлийг бусдад харуулж, хэсэгхэн ч  гэсэн тав тухтай байгаасай гэж хүссэн учраас иргэдэд үйлчилж эхэлсэндээ. Усан оргилуур, савлуур, дүүжин ор гээд л бүх зүйлс нь үйлчлүүлж буй хүнийг тав тухтай байхад чиглэсэн юм. Мөн албан ёсны нэршил өгөөгүй. Тийм учраас ирсэн хүмүүс дурын нэрээ өгнө шүү дээ. Энэ цэцэрлэг бол 1998 оноос хойш өнөөдрийг хүртэл тууштай хийсэн миний хөдөлмөр. Цаашдаа ч сайхан хөгжүүлээд авч явна гэсэн бодолтой байдаг. Мөн иргэд хүссэн зүйлсээ авчраад амрах боломжтой. Цэцэрлэгт хүрээлэнд нэвтрэхдээ том хүн-5000 төгрөг, хүүхдүүд-2000 төгрөг байдаг. Хамт олон байгууллага, ангиараа зэрэг олуулаа явах үед хямруулчихдаг. Одоо тэтгэврийн хүн юу хийхэв энэ ажлаа л хийж өдрийг өнгөрөөж байна. 6-7 сарын үед ачаалал эрс ихэсдэг учраас нэг хүнтэй гэрээ хийж ажлуулдаг. Хүн ихтэй үед  өдөртөө 50-100 бага байвал 10-20 тогтмол ирдэг. Хүн өөрийн хүсэл сонирхлоо ямар ч цагт орхиж болдоггүй. Хөгжүүлж чадвал хөгширсөн ч хийх дасгал хөдөлгөөн, амьдралыг идэвхийг нэмэгдүүлдэг гэдгийг л ойлгоод байна. Эндээ хэдэн найзуудтайгаа хааяа сайхан уулзахад тухтай амар байдаг” гэсэн юм. Т.Ганбаатар ах 63 настай ч, сэтгэл зүй, зан чанарыг хувьд цэл залуухан мэт санагдсан юм. Учир нь түүний үеийн хэдэн хүн өөрийн хүсэл сонирхолдоо тууштай байж чадсан бол гэдэг бодол төрсөн.  

              Үүднээс эхлүүлээд тарьж, ургуулсан өндөр модод, том чулуунуудаар босгосон усан оргилуур, моддын дундуур алхахад дээгүүр хийсэн чулуун чимэглэл, тэр хашаанд тарьж ургуулсан цэцэгс зэрэг бүх зүйл түүний сэтгэл болоод сэтгэлгээний уран бүтээл юм. Хийе, бүтээе гэвэл хэн ч, хаана ч юуг ч бүтээж болдог гэдгийг батлан харуулж “Гараар урласан говийн баянбүрд”-ийг бий болгож чаджээ.


https://ergelt.mn/news/125/single/22092
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ