
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд үйл ажиллагаа явуулж буй “Мимо” агро паркийн бүтээн байгуулалттай өнөөдөр /2025.09.08/-нд танилцлаа.
Орон нутагт анх удаа өдөрт 50 тн тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэх томоохон үйлдвэрийг “Мимо эрдэс премикс” компани байгуулжээ. Мимо агро паркийн автомат тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 30-нд эхлүүлэх аж.
Өмнө нь өдөрт 5 тн тэжээл үйлдвэрлэдэг байсан бол үйлдвэрээ өргөтгөж хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр шинжлэх ухаанд суурилсан эрдэст тэжээлийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах нөхцөл бүрджээ.
Улаанбуудай, эрдэнэшиш, арвай, овьёос, буурцаг бүхий тэжээлийг орчин үеийн техник ашиглан эрдсээр баяжуулж, тусгай найрлагат тэжээл үйлдвэрлэдэг байна. Тусгай найрлагат тэжээлийн үйлдвэр орон нутагт бий болсноор малчид замын зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой болж, мөн үйлдвэрийн хүчин чадлыг өргөтгөснөөр ажлын байр нэмэгдсэнийг тус тус онцоллоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар