
Япон улсын Ерөнхий сайд Ишиба Шигэрү үүрэгт ажлаасаа огцрохоор шийдсэн гэдгээ өчигдөр ням гарагт хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-ний өдрөөс Япон улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж эхэлсэн. Жил хүрэхгүйн хугацааны дараа огцрохоо ийнхүү албан ёсоор мэдэгдэж байна.
Ерөнхий сайд огцрох болсноо мэдэгдсэн тул эрх баригч Либерал Ардчилсан нам дараагийн Ерөнхий сайдыг нэн даруй сонгох шаардлагатай болж байна. Тус нам өнөөдрөөс дараагийн удирдагчийг сонгох сонгуулийг эхлүүлэхээр болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Ишиба Шигэрү Либерал Ардчилсан намыг даргалж өнгөрсөн жил Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш хэд хэдэн томоохон алдаа гаргасан гэж намын удирдлагууд үзсэн. Тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон парламентын сонгуульд намын хүсэн хүлээж байсан үр дүнг авч ирж чадаагүй. Тус сонгуульд Либерал Ардчилсан нам Парламентын доод танхимд 2009 оноос хойш анх удаа үнэмлэхүй олонхийн суудлаа алдсан. Тус сонгуульд өрсөлдсөн аль ч нам 200-аас илүү суудал авч чадаагүй. Эрх баригч нам Komeito намтай эвсээд 191 суудал авсан нь Либерал Ардчилсан намын түүхэн дэх хоёр дахь удаагийн хамгийн бага санал авсан тохиолдол болсон. Либерал Ардчилсан нам сүүлийн 70 орчим жил төрийн эрх барьж байна.
Түүнчлэн энэ жилийн долоодугаар сард парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч нам мөн олонхийн суудлаа алдсан. Хоёр ч сонгуульд амжилтгүй оролцсоны дараа намын удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдыг солих шахалт дарамтыг үзүүлж эхэлсэн. Нам дотор түүнийг үргэлжлүүлэн Ерөнхий сайдаар ажиллуулах эсэхийг шийдэх дотоод санал хураалт явуулах гэж байсан юм. Үүнээс урьтаж Шигэрү ажлаа өгөхөө ийнхүү мэдэгдлээ.
Өчигдрийг хүртэл тэрээр огцрохоос татгалзаж байсан. Учир нь АНУ-тай худалдааны тарифын асуудлаар томоохон хэлэлцээг эхлүүлсэн. Уг хэлэлцээг амжилттай дуусгах хүртэл ажлаа өгөхгүй гэсэн байр сууриа хамгаалж ирсэн.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байгаа АНУ, дэлхийд эдийн засгаараа дөрөвдүгээрт бичигдэж байгаа Японы бараа бүтээгдэхүүний эсрэг тавьсан тарифаа бууруулсан. Доналд Трамп Японы бараа бүтээгдэхүүнд 27,5 хувийн татвар ногдуулсан байснаа 15 хувь болгож багасгалаа. Хариуд нь Япон улс Америкт 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тохиролцоонд хүрсэн байна.
Ишиба Шигэрү огцрох тухайгаа мэдэгдэхдээ АНУ-тай эхлүүлсэн худалдаа, татварын хэлэлцээр үр дүнд хүрсэн учраас ажлаа өгөхөд бэлэн гэдгээ хэлжээ. Мөн дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл ажлаа үргэлжлүүлнэ гэжээ.
Энэ жил 68 настай Шигэрү өнгөрсөн жил Ерөнхий сайд болохдоо инфляцыг бууруулж, эдийн засгийг сайжруулж, АНУ-тай улс төрийн харилцааг сайжруулна гэсэн амлалтуудыг өгч байжээ. Гэвч гол хүнсний бүтээгдэхүүн будааны үнэ бараг хоёр дахин нэмэгдэж, Засгийн газрын танхимдаа хоёрхон эмэгтэй гишүүнийг багтааж, намын нөлөө бүхий гишүүдэд үнэтэй бэлэг илгээсэн зэрэг үйлдлүүд нь шүүмжлэл дагуулах болсон.
Япон улсын дараагийн Ерөнхий сайд болох хамгийн өндөр магадлалтай хоёр хүний нэр яригдаж байна. Японы төв банкыг шүүмжлэгч Либерал Ардчилсан намын ахмад гишүүн Санаэ Такайчи, Ишибагийн Засгийн газарт Газар тариалангийн сайдаар ажиллаж улс төрд нилээд танигдсан Шинжиро Коизуми нар намын дотоод сонгуульд хамгийн их дэмжлэг авна гэж шинжээчид таамаглаж байна.