Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Туршлага 1: Солонгос дахь Монголчууд ковид-19 халдварыг хэрхэн даван туулдаг вэ?



Хилийн чанадад ажиллан амьдарч, сурч байгаа монголчуудтайгаа холбогдон гадаадын улс орнууд Ковид-19 цар тахалтай хэрхэн тэмцэж буй талаар мэдээлэхээр зорин манай редакцын зүгээс эхний туршлагыг асуухаар БНСУ-д оршин сууж буй элэг нэгтнүүдтэйгээ холбогдлоо.

Инчеон хотод амьдарч буй Б.АриунжаргалСолонгост аюулын түвшингээр нийт 5 түвшингээр ангилж байсан. 11 дүгээр сарын 1-нээс шинэчлээд 3 түвшинд хуваасан. Одоо түүнийг хэрэгжүүлж байгаа.
Улсаас зөвлөмж болгож дараах 6 энгийн дүрмийг анх вирус дэгдсэнээс хойш сануулсан, одоо ч хэрэгжиж байгаа:
  1. Урсаж буй усанд гараа сайтар савандаж угаах /Зарим айл хувин савтай усанд гар, нүүрээ угаах нь бий учраас заавал гоожуулж угаах/,
  2. Ханиаж натайхдаа ханцуйндаа буюу тохойны дотор талаар халхлах,
  3. Угаагаагүй гараар нүд, хамар, амандаа хүргэхгүй,
  4. Халуурах болон амьсгалах эрхтэнд ямар нэг хүндрэл, шинж тэмдэг илэрвэл бусадтай шууд харилцаанд орохгүй байх,
  5. Эмнэлэг, эмнэлзүйн газарт заавал масктай үйлчлүүлэх (коронавирустэй хүн орж гарсан эмнэлгийг тодорхой хугацаанд хааж байсан. Нөгөө талаас эмнэлгийн хомсдол үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй)
  6. Хүн ихтэй газраас зайлсхийх
Коронавирусний гэж болох шинж тэмдэг илэрвэл шууд эмнэлэгт очихгүйгээр тусгай дугаарын утас руу залгаж мэдэгдэнэ. Дугаар нь 1339, хөдөө орон нутагт байгаа бол бүсийн кодоо хийгээд +120 дугаарт залгана. Ингээд мэргэжлийн хүмүүс гэрт нь ирж үзээд, тусгайлан тээвэрлэж байсан. Хэрэв вирустэй бол тэр хүн нийтийн тээвэр болон бусад хүмүүст халдаах эрсдэлийг багасгаж байгаа юм.
Халдвартай нь тогтоогдсон хүний зорчсон газрыг автобусны карт болон утасны дугаарын байршил мэдээллээр нь тогтоож хэзээ, хаагуур явсныг нь судалж байгаа юм билээ. Хаагуур, хэдэн хүнд тараасныг тийм байдлаар тандана.
Хилээр нэвтэрч ирсэн хүнийг 14 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтын хугацаа дуусаад гэртээ дахиад 7 хоног ажиглана. Гадуур огт гарахгүй. Нийт 21 хоног гэсэн үг.
Хилээр орж ирэх үед иргэдэд нэг апп татаж гар утсандаа суулгана. Өдөр бүр халуунаа хэмжиж тэмдэглэдэг. Ямар нэг шинж тэмдэг илэрвэл бас бичдэг.
Сөүл хотод амьдарч буй П.Адъяа1. Сөүл хотод хязгаарлалтыг үе шаттайгаар хийдэг. Одоо бол нэгдүгээр шатлалд байна. Энэ шатанд бүх үзвэр үйлчилгээ, зах худалдааны төв, бар ресторанууд хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ заавал маск зүүнэ, хүн хоорондын зайг барина. Жишээ нь хоолны газарт нэг ширээн дээр гурван хүн сөөлжиж суух, ширээнүүд нь мөн сөөлжиж байршсан гэх мэт. Олон нийтийн газар буюу автобус, метроны буудлын сандал дээр хүн хоорондын зайг баримталж, нэг сандал алгасаж суудаг.
Шатлал өсөх тусам хөл хорио чангарна. 2.5 руу ороход бүх олон нийтийн газруудыг хааж байсан. Өнгөрсөн есдүгээр сард 2.5 руу шилжин 14 хоносон. Харин ажил хэвийн үргэлжилж байсан. Хамгийн сүүлийн шат буюу 3-р шатад шилжихэд бүгд онцгой дэглэмд шилжин хөл хорионд орно гэж байсан.
-ХООЛНЫ ГАЗАРТ ХООЛ ИДЭЖ БАЙХДАА Ч МАСКАА ЗҮҮНЭ. НЭГ ХАЛБАГАДААД, НЭГ БАЛГААД ЭРГЭЭД МАСК ЗҮҮНЭ-
2. Төрөөс өгч буй дэмжлэг их. Нэг удаа бүх иргэддээ 500 мянган вон олгосон. Маскийг долоо хоног бүр 3 ш үнэгүй олгодог. Үнэгүй олгодог маск нь K94 K95 гээд шүүлтүүртэй маш сайн маск байдаг. Тусгаарлалтад ирж байгаа иргэддээ 100 мянган воны хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн болон ариун цэврийн хэрэглээг үнэгүй олгодог.
3. Ариутгал, цэвэрлэгээ байнга хийгдэнэ. Гудамж талбай болон зам, буудлуудыг байнга ариутгана. Худалдааны төв болон дэлгүүрийн сагсны тэрэгний бариулыг ариутгах ажилтан байнга ажилладаг. Үйлчлүүлэгч авах тоолонд арчиж өгдөг. Олон нийтийн газар маскаа байнга зүүхийг сануулан Солонгос, Англи, Хятад хэлээр зарладаг. Метро, автобусанд карт дарах тоолонд маск зүүхийг сануулдаг. Ямар ч төрлийн үйлчилгээний газраар ороход халуун хэмжиж нэр утасны дугаарыг тэмдэглэн авч үлддэг.
-ЭЕРЭГ МЭДЭЭЛЛИЙГ ТАРААХ НЬ ЭНЭ ӨВЧНӨӨС САЛАХ НЭГ АРГА-
4. Эхний үед хүмүүс гадуур нус цэрээ хаях, шатны бариул бохирдуулах зэрэг асуудлууд гарч байсан. Тэр нь сэтгэл санааны хямралтай холбоотой байсан байж магадгүй. Бүх газар 100 хувь камержуулсан болохоор зөрчил гаргасан иргэдийг тогтооход хялбар байдаг. 
5. Миний хувьд эхний үед айдастай байсан. Гэхдээ удалгүй гайгүй болсон. Ганц би ч биш ихэнх хүмүүс надтай адилхан байх. Зуны халуунд маск зүүх төвөгтэй санагддаг байсан. Одоо бүр дассан. Маскгүй бол хоосон оргидог болсон. Маск зүүх, бээлий өмсөх нь хамгийн энгийн үр дүнтэй арга мөн. Хүмүүст эерэг сайн мэдээллийг хурдан хүргэх тусам хамгийн хурдан энэ өвчнөөс салах арга бас мөн.

Чонан хотод амьдарч буй О.БатсайханАнх корона тархаж эхлэх үед төрөөс маск зүүхгүйгээр нийтийн тээвэр, олон нийтийн үйлчилгээний газруудаар үйлчлүүлэх боломжгүй, сургуулийн барилга дотор маск зүүж халуун шалгуулалгүйгээр орохыг хориглосон.
-МАСКИЙГ ХААНААС АВЧ БОЛОХ, ХААНА ДУУССАН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ БАЙНГА ӨГДӨГ-
Хэдэн хүн, хаана, ямар дүүргээс халдвартай нь илэрсэн талаар цаг тутамд гар утсанд мэдэгдэл ирүүлэхээс гадна хамгийн хурдацтай тархаж байх үед маскийг хаанаас авч болох, хаана дууссан талаарх мэдээллүүдийг өдөр тутамд өгч байсан. Өнөөдрийн байдлаар Солонгос улсад  нийт батлагдсан тохиолдол 27,942 (+143), нас барсан  487 (+0), эдгэрсэн 25,404 (+138) хүн байна.
Хөл хорио тогтоож тархалт хяналтаас гарах үед ямар нэгэн байдлаар сандралдаж, хүнс гэх мэт чухал хэрэгцээт бүтээгдэхүүнүүд дээр хий хомсдол үүсгээгүй. Залуучууд хувьд хувийн ариун цэврээ маш сайн сахисан. Харин энд тэнд болж буй соёлын аливаа хурал цуглаан дээрээс тархалт эхлэх нь элбэг байгаа. Миний амьдарч буй Чонан хотод одоо байдал харьцангуй тайван болсон.

Инчеон хотод амьдарч буй Х.ЭнхболдИнчеон хотод халдвар хамгааллын дэгийг маш сайн баримталж байна. Есдүгээр сард халдварын тохиолдол ихсэх үеэр хөл хорио тогтоосон. Тэр үеэр хүргэлтийн үйлчилгээнүүд их сайн ажилласан. Одоо ч гэсэн иргэд хүргэлтийн үйлчилгээгээр хоол хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ авч хэрэглэж байна.
-ГАДААДЫН ОЮУТНУУДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ 10 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛСЭН-
Ариутгал сайн хийдэг. Шөнө бүр хотын гудамжаар ариутгалын машин явж орчныг ариутгадаг. Томоохон байгууллага, үйлчилгээний төвүүдээр нэвтрэхэд ариутгагч хаалгаар оруулах ба 20-30 секундэд нэвтэрч буй хүний биеийн халуун болон бусад зүйлсийг шинжлээд биеийн гадаргууг бүхэлд нь ариутгадаг.
Гадаадын оюутнуудын сургалтын төлбөрт 10 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Одоо ч гэсэн иргэд гадуур явахдаа болон ажлын байран дээрээ амны хаалт тогтмол зүүж, бээлий өмсөж байна.

Сөүл хотод амьдарч буй С.МөнхмишээлБи БНСУ-д 10 сар оршин сууж байна. Эхний ээлжинд над шиг оршин суух хаяггүй, бичиг баримтгүй, гацсан хүмүүст К-95 маск олдохгүй ховордох, ажлын олдоц муудах зэрэг хүндрэлтэй асуудал үүсч байсан.
Сөүл хотод байгаа олон нийтийн газар гар ариутгагч байрлуулж, хаана ч орсон нэр, утас, хаягаа заавал бичдэг. Цэнгээний газарт өөрийн бичиг баримтгүй ирсэн хүнд үйлчлэхгүй байгаа. Гэхдээ есөн сараас эхэлж хорио цээр тавигдаж бүх зүйл уян хатан болж, хэвийн горимд шилжиж байна. Халдвар дэгдэхэд хүмүүс сандралдаж, хүнс нөөцлөх, зах дэлгүүрт бужигнах асуудал огт үүсээгүй.
 
-ХАЛДВАР ДЭГДЭХЭД ХҮМҮҮС САНДРАЛДАЖ, ХҮНС НӨӨЦЛӨХ АСУУДАЛ ОГТ ҮҮСЭЭГҮЙ-
Аяллын визээр оршин сууж байгаа иргэд эхний ээлжид өөрийн биеэр өргөдлөө өгч, нэг сараар сунгаж байсан бол одоо цахимаар хүсэлт авч хоёр сараар сунгаж байна.
Коронавирусний халдварын үед БНСУ-аас дараах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд:
  1. Маскийг иргэний оршин суух үнэмлэхээр долоо хоногт хоёр удаа хүн тус бүрт тусгай тоогоор 1500 воноор зарж байсан.
  2. Хоолны газар, кофе шопууд оройны 21:00 цагаас хойш зөвхөн хүргэлтээр үйлчилж байсан. Үйлчилгээний газруудыг бүгдийг хааж, дэлгүүрийн гадаах суудал, саад зэрэг олон нийтийн газруудыг битүүмжилж улаан утас татсан.
  3. Маск зүүгээгүй тохиолдолд нийтийн тээвэрт суулгахгүй байх хатуу дэглэм гарсан. Хүмүүс эхлээд зүүхгүй байсан боловч тохиолдол огцом өсөхөд метронд бие биедээ хатуу шаардлага тавих болсон. Маск зүүгээгүй иргэнийг зодож, биед нь халдсан тохиолдол хүртэл гарсан.
  4. Эхлээд маскийг автобусанд тарааж байсан боловч яваандаа больсон.
  5. Коронавирус илэрснээс хойш одоог хүртэл иргэний явж байгаа газрын байршлаас хамааран илэрсэн тохиолдол, аюулгүй байдлаа хангах мессежийг гар утсанд илгээж байгаа.
  6. Бүх шатны сургуулийн хичээл есдүгээр сарын дунд үе хүртэл онлайнаар орсон. Томоохон хэлний шалгалт 2-3 удаа цуцлагдсан.
  7. Өвчин гарсан бас илэрсэн үеэс есдүгээр сар хүртэл автобус болон метронд бага насны хүүхэд явж байгаа тохиолдол харагдаагүй.
  8. Олон нийтийн газар маск тайлах, юм идэхийг хориглосон.
  9. БНСУ-ын иргэд болон гадаад улсын иргэдэд мөнгөн тусламжийг төрөөс нь олгосон. Үүнийг авахын тулд гадаад иргэд -Оршин суух визтэй; -Гэр бүлээрээ оршин суудаг байх; -Санхүүгийн боломж нь ямар байгааг харгазах зэрэг тодорхой шаардлага хангасан байх ёстой байсан.
  10. Коронавирусний тохиолдол огцом өссөн үед вирусний шинжилгээг үнэгүй хийж байсан.
  11. БНСУ цар тахал гарснаас одоог хүртэл улсын хилээ бүрэн хаагаагүй. Хэсэгчилж хааж байгаа. Монгол Улсаас өөр иргэнээ хүлээж авдаггүй, аяллын визээрээ сунгалт хийлгээд явж байгаа улс байхгүй.
  12. Гадаадаас ирсэн иргэдийг гэртэй бол гэрт нь 14 хоног, очих тодорхой хаяггүй бол нэг өдрийн 100 мянган воноор бэлтгэсэн байранд тусгаарлаж байна.
 
"Улаанбаатар ньюс" сайтын редакц
www.ubn.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ