Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Д.Төмөрбаатар: Өвсний толгой гандасхийгээд эхэллээ



Булган/МОНЦАМЭ/.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн улсын аварга малчин Доржийн Төмөрбаатартай уулзаж ярилцлаа.

          - Та сумын удирдлагын нэг байснаа малчин болсон. Хэдэн жил мал маллаж байна даа.

- Би хар багаасаа мал дагаж өссөн хүн. Манай аав ээж “Лениний зам” нэгдэлд малчин байлаа. Гайгүй сайн малчид байсан. 100 үнээнээс 100 тугал бойжуулж, ээж маань сумын аварга болж байлаа. Малын дэргэд өссөн тэр чиглэлээрээ ХАА-н техникумын малын эмчийн ангид 1966-1969 онд суралцаж төгсөж ирээд Могод суманд малын эмчээр 6-7 жил ажилласан. Ер нь хөдөө байх талдаа дуртай. 1992 онд сумын орлогч дарга хийж байгаад өөрийн хүсэлтээр хөдөө гараад 30 гаруй жил маллаж байна даа. Сэтгэл гаргаж маллавал мал ер нь хүний гар дээр өсөж үрждэг амьтан. Мал дагавал ам тосдоно гэдэг үг бий. Ер нь аливаа ажил юм даа. Ер нь сэтгэл гаргавал ажил бүтдэг.

1992 оноос мал дээр гараад  аавын үлдээсэн малаа өсгөсөн. Мянгат малчин боллоо. Дөрвөөс таван зуун мал малчдид янз бүрийн хэлбэрээр өгч тусалсан. 2017 онд улсын аварга малчин боллоо.

Мал маллах сайхан. Гурван давуу тал байдаг гэж боддог. Хамгийн сайхан цэвэр агаараар амьсгална. Хамгийн сайхан унд ус ууна. Байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Үнээнээсээ саасан сүүг өөрсдөө ууж, хоттой хониноосоо хүнсэндээ хэрэглэж байна. Өөр хүний гар дамжуулж хэрэглэх зүйл байхгүй байна.

- Сүүлийн үед мал маллагааны арга барил жаахан өөрчлөгдөж байна уу. Техник технологийн дэвшилээс эхлээд байгаль цаг агаарын нөхцөл бас нөлөөлөөд байх шиг санагддаг.

- Малынхаа төлөө байнга яваад байвал мал сайхан болно. Малынхаа ая тааваар нь маллана гэсэн үг л дээ. Бэлчээрт нь эргээх, буцаах төдийгөөр өөрийгөө хуурсан маягаар маллавал мал яаж өсөж дэвжих вэ. Яг сайхан бэлчээртээ хүрч идээшлэх үед нь буцаагаад байвал мал олигтой тарга авахгүй. Мал гэдэг чинь ухаантай амьтан орой болохоор гэр лүүгээ хошуугаа эргүүлдэг юм. Сүүлийн үед мориор мал малладаг хүн тун ховорхон болж дээ. Голдуу л мотоцикльтой малаа эргүүлдэг болж. Тэр бол их учир дутагдалтай санагддаг. Дээр үед бэлчээр уудам, байгалийн гарц сайхан, ус унд элбэг, ам болгон устай, шандтай байсан. Тэр үед мал маллах өөр байж. Одоо бол байгаль цаг уураасаа ч болдог байх. Байгалтай буруу харьцсанаас болдог биз. Булаг  шанд сэргэдэггүй. Жаахан өвстэй газраа усгүй. Устай газраа бэлчээргүй болчих лоо л доо. Тэгээд мал сүргийг тооноосоо чанарт шилжүүлээд тоо толгойг тодорхой хэмжээнд бариад маллахгүй бол хэт тоо хөөцөлдөөд байх нь зохисгүй санагддаг. Бэлчээр байхгүй, бэлчээрийн даац байхгүй, ургадаг ургамал нь жилээс жилд цөөрч байгаа. Намайг бага байхад энэ Могойн голд тарваган шийр, агь ганга ерөөсөө багтаж ядаж багсайтал ургадаг байсан тэр байхгүй болчихлоо. Газрын гарцыг ажиглаж байхад зарим ургамал жил өнжиж гараад, бороо хуртай бол ургаад, тэгсхийгээд байхгүй болоод байна. Бэлчээрийн ургамлын төрөл зүйл их хорогдож байна.

          - Энэ жил зуншлага жаахан оройтох шиг боллоо. Газрын гарц ямар байна.

- Ган гачиг давтамжтай байна. Нэг жил гайгүй байснаа өнжөөд тааруухан жил болж байна. Ноднин жил бас их тааруу, зуншлага муу байсан. Энэ жил жаахан оройтлоо. Зуны эхэн сарыг хаврын хахир сар шиг авчихлаа. Ерөөсөө ургамал ургасангүй. Могойн голд өөр багийнхан, Могод сумынхан отор хийх маягаар ирж зуслаа. Модон дотроо жаахан бэлчээртэй. Сүүлдээ модон дотроо ч мал бэлчээрлэх нь мууддаг юм билээ. Анхны бороо 6-р сарын 23-нд орлоо. Наадам өнгөрч ган тайлж байна. Одоо харин сайхан ургамал гайгүй ургаж мал тэнхэрч байна. Мал маллах залуучууд их ховордуухан болчихсан. Хөгшчүүл ч багаслаа.

- Малчдад малч ухаан дутагдах хандлага харагддаг уу?

- Малчны сургууль гэж бэлтгэдэг байсан. Малчин болох амархан гээд хэдэн хонь хариулаад явж болно. Малчин хүн их өөр шүү дээ. Байгаль цаг агаарын хүндрэлийг малтайгаа яаж давж гарах юм. Малаа яавал тарга хүч авахуулах вэ? Яавал өвөл гайгүй шиг оруулаад хавар хэдэн төл бойжуулах юм гэдгээ бодмоор байгаа юм. Тийм учраас анхын мэдэгдэхүүн олгох малчны сургууль байгуулах хэрэгтэй байна. Уул уурхай яах вэ ухаж дуусаад алга болно. Мал бол байнгын баялаг юм. Тууштай анхаарах хэрэгтэй санагддаг юм.

Мал аж ахуйн талаар авах бодлогыг анхаарахгүй болохгүй байна. “Баян хүн нэг зуданд” гэгчээр энэ олон мал нэг хэцүү хүндхэн хахир өвлийн ая даахад хэцүү болчихсон. Тийм учраас мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэхэд зайлшгүй анхаарах нь чухал гэж боддог. Бэлчээр усжуулах хэрэгтэй. Өвс хадлан бэлтгэх үүрэг даалгавартай байлаа. Тэр алдагдсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ өгөөд явж байдаг үе боллоо.

Малын тэжээл тариалмаар байгаа юм. Хадлан тэжээл ховордсон үед хадлангийн талбай гаргаж хамгаалмаар санагддаг. Тэндээсээ малчид өөрсдөө хадлан авдаг баймаар байна. Үүнийг орон нутгийн удирдлага зохицуулмаар санагдана.

          - Хадлан авах боломж тааруу учир өвс худалдаж авах уу?

- Тэгнэ. Малчид ченжийн гар харж амьдарч байна. Ченжээр мах дамжина. Өвс худалдаж авна. Арьс нэхий үнэгүй. Овсгоотой нэг нь дээл хийж авч байгаа байх. Нэхий боловсруулдаг үйлдвэр байхгүй. Томоохон бодлого тавимаар санагдаж байна.

- Малын аж ахуйг эрчимжүүлэх, сүргийг тоо толгойг багасгах, бэлчээрийн даацдаа тохируулах, зах зээлд нийлүүлэх гэх мэт санал байдаг. Бэлчээртээ тохируулан мал сүргээ маллаж, малынхаа унд ус, идэш тэжээлийг бодох нь зөв байх аа.

- Могойн гол 2012-2016 он хүртэл урссан. Түүнээс хойш тасраад хуурай жалга болсон. Усны гачаалд орж байна. Орхоныхонтой хил залгаа маргаантай. Доошоо уруудаж малаа услана. Тэд малаа уснаас гаргахгүй. Гол дээр олон мал бөөгнөрөөд байна. Малын ид бэлчээрлэлтийн үед усан дээр цагаа алдаад байгаа  болохоор мал яаж таргалах вэ.

Тооноос чанарт шилжих нь зөв л дөө. Бэлчээрийн даацаа бодвол малаа цөөлмөөр  байгаа юм. Цөөлөхдөө учиртай ашиг шимийг жаахан ахиу байлгахгүй бол хэцүү л дээ. Манайх дархад хонь, эрчмийн болон Завханы улаан  ямаагаар сүргээ сайжруулсан. Сүргийн маань уул суурь нь гайгүй болохоор дажгүй байна. Хэнзэрч давжаарсан шинж харагдахгүй байгаа.

- Малын эрүүл мэндийн үйлчилгээ ямар байгаа бол?

- Малчид өөрснөө л голдуу малаа эрүүжүүлж байгаа юм. Малын 13 төрлийн ажил гэж байсан. Намайг сургууль төгсөөд Могод сумын нэгдүгээр бригадад очиход их хариуцлага шаарддаг байж. Бригадын малын эмч график гаргачихсан. Долоо хоногт хоёр удаа тухайн сууриар орно гэсэн бол очно. Хүрч ажиллаж байсан. Одооны мал эмнэлгийн үйлчилгээ түүнд хүрэх юм байхгүй. Хувийн мал эмнэлэг хэдэн жил ажиллалаа. Мал өвчин тусаад болохоо байлаа гэхээр очдог. Боом, дуут гэх мэт халдарт өвчний тариа дуусчихдаг. Тийм л болчихсон үе. Өөрчлөлт гарахгүй байна. Одоо хонины зуны угаалга дууссан. Намарынх нь эхэлж байдаг үе. Одоо сураггүй байна.

- Орон нутагт мал үржлийн бодлого байна уу?

- Малчидтай харьцаад сүргийн шилэн сонголт хийсэн зүйл байхгүй. Малчин хоорондоо ярьж байгаад хээлтүүлэгч сонгож тавьчихаад л байна. Сэлэнгийн цагаан толгойт гээд бух тавьчихсан. Амьдрах чадвар тааруу, ашиг шим муутай.  Жинхэнэ Сэлэнгэ үхэр нь биш. Сайхан монгол үхэр алга боллоо. Тэсвэр муутай малтай болж хувирлаа. Бодлого байхгүй болчихоод байна.

Тухайн орон нутагт тохирсон бэлчээрийн малгүй боллоо.

Мал аж ахуйн бодлого алдагдсан. Төр засгаас муу анхаарч байна. Төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлдэг хүмүүс ажиллахгүй байна.

- Та малын эмч хүн. Ардын мал эмчлэх ухаанаас ажигласан, ашигласан зүйл байгаа биз дээ.

- Манай аав морь их сайн хатгадаг хүн байсан. Сайн сайн мал хатгаачдыг харж байлаа. Ер нь ардын аргаар эмчилдэг хүмүүс олон байсан л даа. Бидний багад ойр зуурын ардын эмчилгээ хийдэг байсан. Хужирт түлэгдсэн малыг аргалдаг байсан. Мал хужир их идээд түлэгддэг. Түүхий сүү өгдөг, намганд булдаг янз янзын аргаар эмчилдэг байсан. Хөлд нв цус буусан морийг хатгаж эмчилдэг. Морины хөлд цус буулгана гэдэг хүнээс л болоод байгаа юм. Уян дээр гэнэтхэн пархийлгээд л, тэгснээ давхиж ирээд гэнэт зогсдогоос болдог юм. Тэрийг хатгаж эмчилдэг байсан. Одоо ч морь унахаа байсан юм даа. Морь сайхан эдлэхээ мэдэхээ байсан. Хатуухан хэлэхэд маханд л өгөхөө боддог болж.

Морь эмээлээрээ гоёдог байсан. Хэн морь сайхан унаж эдэлж байна гэж хардаг байсан. Одоо хэн ямар мотоцикль, машин унаж байгаагаа ярьдаг болж дээ.

- “Дугарын ногоон” гэж малын эм байсан. Энэ нутгийнхан андахгүй дээ. Мал эмч Дугар гэж хүн өөрөө хийж, мал эмчилдэг байсан.

- Мэдэлгүй яахав. Ясны малын эмч хүн байсан. Манай 3-р бригадын эмч гэж байсан. Үзсэн мал бүхэн нь эдгэрдэг байсан байх. Тугал, бяруу чацга алдана. Дугарын ногоонд шогшоод ир гэдэг. Давхиулаад эмийг авчирч өгөөд төл чацга алдах нь зүгээр болдог байсан. Ургамлаар бүтээдэг байсан. Нунтаг ногоон өнгөтэй, халгайн гурил шиг эм байсан. Айл болгонд жаахан боолттой хананы нүдэнд хавчуулаастай байж дээ. Тэр үеийн малын эмч нарын хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй ажиллаж байсны гэрч шүү дээ.

- Малчид гэдэг байгаль дэлхийг ажиглагч шүү дээ. Эмийн ургамал ургаж байна уу?

- Бараг байхгүй болчихлоо. Дээр үед их байсан шар, хөх дэгд ургахаа байлаа. Хааяа зуншлага гайгүй жил модны хаяагаар ургаад алга болно. Агь, газрын хаг буцалгаад янз янзын өвчин эмгэгт мал болон хүнд өгдөг байсан. Бас л ховордох тал руугаа байна. Зуншлага оройтохоороо тэгдэг байх. Гүзээлгэнэ энэ жил гараагүй.

- Боролзгоны толгой байхгүй гэх юм. Энэ үнэн үү?

- Саяхан модны хаяагаар явлаа. Өвс сайхан ургасан ч жаахан тачир, хадлан авах боломж тааруу л харагдана. Боролзгоныг хавар мал идээд байхгүй болгосон. Хүнхээл ургахгүй болоод байна. Хавар эрт ургадаг ургамал байхгүй болоод байна.

          - Намар ямар болох шинжтэй байна даа

-  Одоо зуны сүүл сар шувтрах нь. Могой гол сэрүүн газар. Өвсний толгой гандасхийгээд эхэллээ дээ.

Ярилцсан танд баярлалаа.



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ