Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян сумын хорих 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч дулааны цахилгаан станцын барилгад ажиллаж байхдаа амиа хорлосон хэрэг гарсан байна. Хүмүүжигч нээлттэй хорих ангид ял эдэлж байжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд албаны эх сурвалж "Хүмүүжигч нас барсан нь үнэн. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Ямартай ч хуульд хаалттай хорих ангид ял эдэлж байгаа хоригдлыг зөвхөн хорих байгууллагын үйлдвэрлэлд хөдөлмөрлүүлэхээр заасан бол “нээлттэй хорих ангид ял эдэлж буй хоригдлыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдэд прокурорын зөвшөөрлөөр гэрээ байгуулан, харуул хамгаалалтайгаар хөдөлмөрлүүлнэ” гэж заажээ.
Тиймээс 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид дулааны цахилгаан станцын барилгад зөвшөөрөлтэй ажилласан эсэх, хоригдлын хөдөлмөрийг холбогдох хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулсан эсэх нь эргэлзээ дагуулж эхлэв.