Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга бөгөөд Барилга ашиглалтад оруулах Улсын комиссын дарга асан Т.Эрдэнэтуяаг АТГ-аас шалгаж байгаа. Тэрбээр 2013-2018 онд Улаанбаатар хотод баригдсан барилгуудыг дур мэдэн хүлээн авдаг байсан аж. Тухайлбал, тэрбээр улсын комиссын даргаар ажиллаж байхдаа Сэлбэ дотор хууль бусаар барьсан “S Outlets” дэлгүүрийн барилгыг ашиглалтад оруулахаар хүлээн авсан болохыг манай сайтын сурвалжилах баг өмнө нь мэдээлж байсан билээ. Мөн тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч байхдаа АТГ-ынханд баригдаж байсан гэдэг. Бусдаас их хэмжээний авлига авч, барилгыг нь ашиглалтад оруулж өгөөд зогсохгүй хамаарал бүхий хүмүүс буюу ах, дүү нарынхаа барилгын компанид давуу байдал олгодог байжээ. Мөн түүнээс гадна Засгийн газрын тогтоолыг дураараа өөрчилж, хамаарал бүхий хүмүүсээ оруулсан байдаг. Тодруулбал, 2012 онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор улсын комисын бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Тус тогтоолоор Улсын комиссын дарга болон нарийн бичгийн дарга Хот байгууламжийн газраас орно. Бусад хүмүүсийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтаас оруулна гэж заасан байдаг. Гэтэл 2014 оны хоёрдугаар сард Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга нь тушаал гаргаж, 151 дүгээр тогтоолыг өөрчилж, дунд нь Ерөнхий төлөвлөгөөнийхөө хяналтын инженерүүдийг оруулах тушаал баталсан байдаг. Тухайн тушаалаар далимдуулаад Мэргэжлийн хяналтын төлөөллийг оролцуулах шаардлагагүй гээд Ерөнхий төлөвлөгөөний хяналтын инженерүүдийг оролцуулсан байх жишээтэй.
Т.ЭРДЭНЭТУЯА УЛСЫН КОМИССЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУУЛЬ ЗӨРЧИЖ, МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧГҮЙГЭЭР 3700 БАРИЛГА ХҮЛЭЭН АВЧЭЭ
Тухайн хугацаанд 3700 барилгыг хууль бус бүрэлдэхүүнээр авсан байдаг. Тэгэхээр улсын комиссын бүрэлдэхүүн нь хууль бус гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий төлөвлөгөөнөөс улсын комисст найман хүн ордог. Түүнээс комиссын дарга болон нарийн бичиг нь албан ёсны байдаг. Хяналтын инженер хэмээх зураан хүн нь хууль бус буюу Засгийн газрын тогтоолд заагаагүй хүмүүс ордог байсан гэсэн үг. Засгийн газрын 151 дүгээр тогтоол дээр Нийслэлийн мэргэлжийн хяналт оролцоно гэж заасан байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтыг оролцуулахгүйгээр Ерөнхий төлөвлөгөөний инженерүүд оролцдог болсонд Т.Эрдэнэтуяа хамааралтай болохыг эх сурвалж бидэнд мэдээлсэн билээ.
УЛСЫН КОМИССТ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХНЫГ ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ ЭХ ҮҮСВЭРИЙГ ХОТЫН ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ ГАРГАСАН УУ
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий төлөвлөгөөнийхөн мэргэжлийн хяналтынхнаас эрүүл ахуйн байцаагчийг оруулж, бусад шаардлагатай байцаагч нарыг оруулаагүй. Тэгэхээр 2019 онд Засгийн газар 317 дугаар тогтоол гаргаж, Ерөнхий төлөвлөгөөний инженерүүдийг оролцуулахгүй, мэргэжлийн хяналтын инженерүүд оролцоно гэдгийг нарийн зааж өгсөн байдаг. 317 дугаар тогтоол өнгөрсөн жил өөрчлөгдсөн. Тэгэхээр 2012 оны 151 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтыг оролцуулахгүй байх эх үүсвэрийг тухайн үеийн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 2013 гаргасан гэх. Барилгын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад барилга байгууламжийг улсын комисст хүлээж авах эрх нь байдаг. Энэ эрхээ гүйцэтгэх албан тушаалтан руугаа шилжүүлдэг. Ерөнхий төлөвлөгөөний газрын дүрмийг батлахдаа барилга байгууламжийн хяналтын инженерүүдэд хяналтын инженер гэх эрх олгож, улсын байцаагчийн эрх олгохоор дүрэмдээ оруулчихсан байдаг. Улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга олгодог учир тухайн үеийн дарга нь татгалзаж, тэдэнд улсын байцаагчийн эрх олгоогүй гэдэг.
Т.ЭРДЭНЭТУЯАГ АТГ-ЫНХАН 2017 ОНООС ЭХЭЛЖ ШАЛГАСАН БОЛОВЧ 14 УДААГИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛИЙГ НЬ ХААСАН ГЭВ
Эрх олгоогүй мөртлөө мэргэжлийн хяналтынхныг оролцуулахгүйгээр Ерөнхий төлөвлөгөөний хэдэн инженер хүлээж авсаар өнөөдрийг хүрсэн байна. Тэд одоогоор авлига, албан тушаалын хэрэгтэй болчихсон. Үүний хамгийн гол буруутан нь Эрдэнэтуяа гэх. 2017 оноос хойш АТГ-ынхан Эрдэнэтуяаг шалгаж эхэлсэн боловч өнөөдрийг шалгаж дуусаагүй байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд түүний 14 удаагийн хэрэг бүртгэлийг нь хаажээ. Түүний хэргийг АТГ-аас хаадаг боловч прокуророос дахин шалгах бичиг явуулдаг гэнэ. Ийнхүү ТЭрдэнэтуяагийн хэргийг хоёр байгууллага хоорондоо шидэлцсээр байгаад дорвитой шалгасан зүйл байдаггүй гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Мөн тэрбээр “Улсын комиссын бүрэлдэхүүн хууль бус байсныг хэн ч мэддэггүй, хуулийнхан шалгадаггүй байсан. Мэргэжлийн хяналтыг оролцуулаагүйгээс хамаг булхай, луйвар гарч байгаа. Засгийн газрын тогтоол дээр мэргэжлийн хяналтынхныг оролцуулна гээд байхад яагаад 10-аад жилийн хугацаанд мэргэжлийн хяналтынхныг нэг ч удаа оролцуулаагүй вэ гэдэг асуудалтай. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын барилга байгууламжийг хяналтын хэлтэс, хяналтын инженерүүдийг ээлжилж оруулдаг. Салбар хариуцсан инженерүүд хариуцдаг. Нарийн бичгийн дарга Дунгармаа, сангийн инженер Нямжав, цахилгааны инженер Мянганбаяр, Холбоо дохиоллын Бум-Эрдэнэ нар нэг мафи болсон. Улсын комисст дээрх хүмүүс холбогддог. Барилга байгууламжийг хэдхэн хяналтын инженерүүд хүлээж авч байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж, АТГ-ынхан энэ тухай хэвлэлийн хурал хийж байсан” гэв.
Ergelt.mn