Баян-Өлгий аймагт коронавирусний халдвар илэрсэн 20 иргэний сорьцод шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д илгээсэн байна.
Үүнээс 10 иргэний сорьцоос дельта вирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-өөс аймгийн Эрүүл мэндийн газарт мэдэгджээ. Мөн дельта вирус илэрсэн гэх иргэдийн нэрсийг ч ирүүлсэн аж.
Эдгээр иргэдийн зарим нь аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өлгий сумын захиргаа зэрэг төрийн байгууллагуудад ажилладаг бол зарим нэг нь хөдөө болон Улаанбаатар хотод байгаа мэдээлэл байна.
"10 иргэнээс дельта вирус илэрсэн гэж мэдэгдсэн боловч, шинжилгээний хариу хараахан бидний гарт албажиж ирээгүй. Уг асуудлыг холбогдох газруудаас тодруулахыг оролдож байгаа боловч мэдээлэл авч чадахгүй байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх зорилгоор дельта вирус илэрсэн гэх 10 хүний ойрын хавьтлуудыг олж тогтоох, тандалт судалгаа авах арга хэмжээг авч байна" гэсэн мэдээллийг албаны эх сурвалжууд хэллээ.