
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.09.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Монгол Улс уул уурхайн эдийн засагтай. АМНАТ-ын эргэн хуваарилалтад өөрчлөлт хийхгүй бол уул уурхайг дэмждэг аймаг, сум, баг байхгүй болох нь ээ. Жишээлбэл, Өмнөговь аймаг 3.4 их наяд төгрөгийн АМНАТ улсын төсөвт төвлөрүүлээд, төсвөөс 42 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байна.
42 тэрбумаас 15 сумандаа нэг нэг тэрбумыг хуваарилдаг. Уул уурхай ашиглалт, олборлолт сум, орон нутагт нь ямар ч өгөөжгүй байх хэн дэмжих юм бэ. Үүнийг өөрчлөх үү, ажлын байр нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлтийг орон нутгаас нь авахгүй бол уул уурхай цааш явахгүй болж байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улс 2000 оноос эхлэн уул уурхайн эдийн засагтай улс болсон. 2020-иод оны эхэн үед зарим аймагт АМНАТ ийм өндөр дүнтэй байгаагүй юм. Одоо улам өндөр дүнтэй болсон учир АМНАТ-ын хуваарилалтыг эргэн харах ёстой.
Өмнөговь аймгийн иргэдэд Монголын ард түмэн талархах хэрэгтэй. Өмнөговь аймагт уул уурхайн үйлдвэрлэл хамгийн өргөн хүрээнд явагддаг. Тэр хэрээр бусад аймаг хотуудыг тэтгэж байна. Жишээ нь, Хөвсгөл аймаг фосфоритын ордоо хааж, ногоон аймаг болно. Нэг ч уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гэж зарласнаас хойш АМНАТ-ын хуваарилалт хамгийн бага очиж байна.
Тиймээс АМНАТ-ын 10 хувийг орон нутгийн хөгжлийн санд нь хуваарилдаг бол одоо 20 хувийг орон нутагт нь хуваарилна. Тэр дотроо уул уурхайн үйлдвэрлэл явагдаж байгаа орон нутагт дахин индексжүүлж нэмэх төслийг УИХ-д удахгүй өргөн барина гэв.