
Ховд аймгийн Булган сумд 20-иод жилийн өмнөөс тутарга буюу цагаан будаа тариалах судалгаа хийж, өнөө жил тариалсан нь амжилттай болж анхны ургацаа хураан авах гэж буйг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал “Жи Ай Эм И Икс” ХХК-ийнхан уг туршилт, судалгааг өнгөрсөн 20 жил хийсний үр дүнгээ ийнхүү хүртэх гэж буй аж. Тэд БНСУын хилийн чанад дахь хөдөө аж ахуйн хөтөлбөр болох “КОПИА Монгол” төвтэй хамтран энэ оны дөрөвдүгээр сард Булган сумын нутагт 5.3 га талбайд туршилтын тариалалтаа эхлүүлжээ.
Туршилтын талбайгаас өдгөө нэг га-гаас 6-8 тн цагаан будаа хураан авах төлөвтэй гэнэ. Энэ нь БНСУ-ын тариалангийн талбайн нэг га дахь дундаж ургацтай тэнцэж буйг “КОПИА Монгол” төвийн захирал, цагаан будааны мэргэжилтэн У Мён Гюү онцоллоо. Тэрбээр “Солонгосын хамгийн хүйтэн нөхцөлд ургуулдаг үр, сортуудыг туршиж үзсэний эцэст Монголд тохирох тутаргыг үр дүнтэй ургуулж чадлаа. Цагаан будааны тариалалтыг баталгаажуулснаар кластерийн системээр хөгжүүлэх боломжтой” гэв.
Ж.ГАНХУЯГ: ИМПОРТЫН ҮНИЙН ДҮНГЭЭС 50 ОРЧИМ САЯ АМ.ДОЛЛАР ХЭМНЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
“Жи Ай Эм И Икс” компанийн захирал Ж.Ганхуяг “Тутаргын тариалалтыг дагаад цаашид нуур цөөрөм, салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах нь эрс тэрс, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой. Монголд тохирсон цагаан будааны сортыг тариаланд бүрэн нэвтрүүлснээр жилд багадаа л 68 мянган тонн цагаан будаа буюу импортын үнийн дүнгээс 50 орчим сая ам.доллар хэмнэн, 5-8 мянган ажлын байр шинээр үүсэж, хөдөөгийн хөгжлийг дэмжих эдийн засгийн чухал хөшүүрэг болох юм. Эцсийн дүнд монгол хүн баталгаатай, шинэ ургацын цагаан будаа идэх боломж бүрдэнэ” хэмээв. Монголд тутарга тариалах судалгаа шинжилгээ, туршилт 40 гаруй жилийн өмнөөс эхэлжээ. Хувийн хэвшлүүд, гадаадын түнш байгууллагуудтай хамтран импортыг орлох, газар тариаланг хөгжүүлэх цөөнгүй туршилт явуулсны дүнд ийнхүү Монголд тохирсон сортын цагаан будаатай болж буйд олон хүн олзуурхаж байна.
О.Ундрах
https://www.unuudur.mn/a/277710