Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин Орхон аймгаас тодорхой тооны цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагч болон техникүүдийг татаж, Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг зохион байгуулав. Бэлтгэл үүрэгтнүүд ч цэргийн үүрэгтний үнэмлэхээ бариад эгнээд жагсчихсан, аж ахуйн нэгж, байгууллагууд цэргийн зориулалтаар ашиглаж болох нэгж техникүүдээ унаж авчраад эгнүүлчихсэн нь эрдэнэтчүүд эх орноо батлан хамгаалах журамт үүргээ ухамсарлан ард түмэн гэдгийг илтгэх ажээ.
Энэхүү Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг явуулах нь орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчний чадваржуулах, орон нутгийн цэрэг, орон нутгийн томилгоот нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Орхон аймагт 20 жилийн дараа явагдсанаараа онцлог байлаа.
“ХУУЧНАА СЭРГЭЭЖ, СЭРГЭЛТ АВЧ БАЙНА”
Журамт үүргээ ухамсарлан ирсэн залуусын хамгийн залуу нь 2019 онд хугацаат цэргийн алба болон “Оюутан цэрэг”-д хамрагдсан байсан бол хамгийн ахмад нь 1980-аад онд хугацаат цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнүүд. Дайчилгааны тухай хуулиар хугацаат цэргийн алба хаасан иргэдийн бэлтгэл үүрэгтний насыг 50 гэж заасан байдаг учир энэ хүрээндээ хязгаарлагдаж татсан байна. Мэдээж оролцох хүсэл сонирхолтой цөөнгүй эрчүүд сэтгэл дундуур үлдсэн нь бүртгэлийн явцаас тодорхой харагдаж байв.
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвд ЗХЖШ-ын дайчилгааны даалгаврын дагуу бэлтгэл, сургалт гүйцэтгэж байгаа бэлтгэл, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар дээр очлоо. Сургуулийг зохион байгуулах ачааг хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн үүрч, сургуулийг удирдаж чиглүүлэх гол ажлыг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргалаар ахлуулсан удирдлагын бүлэг гүйцэтгэж байлаа.
Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд бэлтгэл үүрэгтэнтэй хүн нэг бүрийн бүрийн бэлтгэл, салаа, салбарын жигдрэлтийн сургалт, дадлагыг тусгай төлөвлөгөөний дагуу явуулж бэлтгэл хангасны дараа “Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль”-ийг явуулсан юм. Энгийнээр тайлбарлавал, бэлтгэл үүрэгтний хүн нэг бүрийн бэлтгэл, салаа, салбарын бэлтгэлийг нь төрөл мэргэжил тус бүрээр нь хангаж, төгсгөлд нь байлдааны буудлага хийж, үүрэг гүйцэтгэх чадварыг нь шалгасан гэсэн үг. Энэ гэхдээ мэдээж шалгалт биш. “Та ажил хөдөлмөр эрхэлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэдий ч эх орон дуудсан цагт та цэрэг байх болно. Эх орноо батлан хамгаалах эрхэм үүрэг таны л өмнө бий” гэдэг ойлголтыг түгээж буй хэрэг юм.
Сургуульд хамрагдагч зарим бэлтгэл офицер, түрүүч, байлдагч нартай уулзлаа. Цөмөөрөө “Их сайхан байна. Хуучнаа сэргээж, сэргэлт авч байна. Дайчин нөхөрлөлөө ч эргэж саналаа” хэмээн дуу нэгтэй хариулна лээ. Тухайлбал, бэлтгэл ахлах дэслэгч Ш.Давааням 1990 онд ЦНДС-ийг Ерөнхий цэргийн мэргэжлээр дүүргэсэн офицер бөгөөд 1990-1993 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид, 1993-1995 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хааж байгаад хувийн хэвшилд шилжиж. “Эрдэнэт” ТӨҮГ-т 20 гаруй жил ажиллаад сүүлийн жилүүдэд “Механик сервис” хэмээх хүнд машин механизмд засвар үйлчилгээ үзүүлдэг компани байгуулан ажиллаж байгаа гэнэ. Дайчилгааны тухай хуулийн дагуу гэрийнх нь хаягаар зарлан очиход нь ихэд уриалгахан хүлээн авч, бүүр хугацаат цэргийн алба хаасан компанийнхаа хэд хэдэн залуусыг дагуулаад ирж. Анх тэдгээр залуус “Дарга ажил ихтэй байна. Та офицер хүн учир оролцох нь зөв. Бид ажлаа гүйцэтгэж байя” гэхэд нь “Эх орон та нарыг дуудаж байна. Ажил хэдэн хоног тасалдлаа гээд компани дампуурчихгүй. Ер нь дампуурсан ч яадаг юм. Эх орон дуудсан цагт таны эрхлэх ажил зөвхөн буу үүрсэн цэрэг л болдог юм” гээд дагуулаад ирсэн гэнэ. Харин сургууль эхэлснээс хойш хоёр хоногийн дараа өнөөх залуус нь “Эрхэм ахлах дэслэгчийн амрыг эрье” гээд цэрэг хүний ёсоор мэндлэхэд нь хамгаас их баярласнаа бэлтгэл офицер Ш.Давааням хуучилж байлаа.
БАЙЛДАГЧ Н.БӨХБАЯР: ЭХ ОРНОО ТА БИД Л ХАМГААЛНА
Түүний адил Дайчилгаатай команд штабын хээрийн сургуульд оролцсондоо бахархаж буй байлдагч Н.Галт, Б.Бат-Амгалан, М.Батням, Н.Бөхбаяр, Б.Отгонбаатар, Г.Билгүүн нартай төсөрхөн хөөрөлдөв. Тэдний цөөнгүй хэсэг нь Орхон аймгийн харьяат хэдий ч Өмнөговь, Дорноговь, Улаанбаатарт ажиллаж амьдардаг бөгөөд үүргээ ухамсарлаад тал талаас цугласан залуус байсан юм. Байлдагч Н.Галт гэхэд 2009-2010 онд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, өдгөө “Оюутолгой” компанид гал сөнөөгч, аврагч хийдэг залуу байна. “Хүний омогшил, бахархлыг төрүүлдэг зүйл бол яахын аргагүй би цэрэг гэдэг бодол. Энэ бодол намайг өөртөө итгэх итгэлийг үргэлж нэмдэг юм. Хээр гаралгүй удсан байна, онжавуудтайгаа онигоо ярилгүй ч бас удсан байна. Буугаа тэврэлгүй бүр их удсан байна. Дурсамж сэргээсэн ийм сайхан сургуульд оролцсондоо баяртай байна” хэмээсэн. Байлдагч Б.Отгонбаатар Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2014-2015 онд хугацаат цэргийн алба хаасан бөгөөд мөн л Улаанбаатар хотоос зорьж иржээ. Харин байлдагч М.Батням 2019 онд “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан, хоёр жилийн дараа эм найруулагч мэргэжлээр сургуулиа дүүргэх бол байлдагч Н.Бөхбаяр 2017 оны Орхон аймгийн анхны оюутан цэрэг ажээ. Анхны гэж тодотгосны учир нь БХЯ-наас 2017 оноос зарим аймгуудад “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Байлдагч Н.Бөхбаяр Орхон аймгийн Технологийн их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Тэрээр “Хэрэв энэ сургуульд ирээгүй байсан бол харамсах байжээ. Цэрэгт хоёр удаа татагдаж, хоёр удаа халагдаж байгаа минь амьдралдаа мартахын аргагүй дурсамж болон үлдэх байх аа” гэв.
Дайчдын суралцах чадвар, үүрэг гүйцэтгэлт хэр байгааг яг л тэдэнтэй тулж ажиллаж буй Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мотобуудлагын ротын захирагч, ахлах дэслэгч Б.Хээр-Уугаагаас тодруулахад “Хуучин бууны хугархай гэдэг шиг цэргийн алба хааж байсны хувьд их сайн байна. Сурц их сайн, хурдан сэргэж байна. Жагсаалын бэлтгэл гэхэд баруун, зүүн гэж заах шаардлага байсангүй. Шууд л алхаж байна” хэмээн магтсан. Залуухан энэ офицер Зэвсэгт хүчинд алба хаагаад дөрвөн жил болж байгаа гэнэ.
Биднийг ийн ярилцах зуур хугацаат цэргийн алба хаагчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сургуулийн явцтай танилцах үеэр “Буудлагаа сайн гүйцэтгэнэ шүү” хэмээн урам, зориг өгөх офицер нь бэлтгэл дэд хурандаа Д.Батсайхан байв. Тэрээр 1984 онд сурагч формоо цэрэг формоор сольж, ЦНДС-д суралцаж төгссөн байна. Зэвсэгт хүчинд 32 жил 32 хоног алба хаагаад ердөө гуравхан жилийн өмнө тэтгэвэртээ гарч. Бэлтгэл офицер маань “2001 онд Орхон аймагт маань яг ийм Дайчилгаатай команд штабын хээрийн сургууль болж байсан. Тэгэхэд би бэлтгэл үүрэгтнүүдэд зааж зааварлах, чиглүүлэх үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөдөр өөрөө залгаад зогсож байна. Амьдрал ийм л баялаг. Цэргийн амьдралаар амьдарсан хүн тэтгэвэрт гарах их амаргүй байдаг. Уйтгартай ч юм шиг. Харин өнөөдөр Зэвсэгт хүчиндээ цөөхөн ч гэсэн хэдэн хоног эргэн ирсэндээ баяртай байна. Манай бэлтгэл үүрэгтнүүдийн ур чадвар сайн байгаа нь андашгүй байна ” гээд армиас дутуу идсэн хоолоо ч идэж дуусгалаа хэмээн тас тас хөхрөв.
Өдөржин бэлтгэл, сургалт, буудлага гэж явсан бэлтгэл үүрэгтнүүд орой нь хувцсаа цэгцлэх, захныхаа даавууг угааж хадах, гутлаа тослох гээд их ажилтай золголоо. Учир нь маргааш өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж, тэдний үүрэг гүйцэтгэх чадвартай танилцах учир тэд ийн бэлдэж эхэлжээ. Гуравдугаар салааныхан гэхэд өөрсдийгөө хамгийн мэргэн салаа, манай бүх буудлага байгаа оносон хэмээн захны даавуугаа хадацгааж, маргааш дарга нарын өмнө мэргэн салаа гэдгээ дахин давтана гэцгээв байлаа.
Ийнхүү манай дайчдын хүсэн хүлээсэн өглөө ч болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Батлут, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Орхон, Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга нар, БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлагууд Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийн төгсгөлийн шатны байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуультай танилцсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сургуульд хамрагдсан бэлтгэл үүрэгтнүүдэд “Үүргээ ухамсарлаж, хуулиа биелүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Монголын төр өөрөө цэргийн түүх юм. Эр цэрэггүй бол эх орон эзгүйрнэ гэдэг үг бий. Эх орондоо ямар үнэ цэнтэй гэдгээ та бүхэн мэдэх ёстой. Та бүхний буудлага, бусад ур чадвар үнэхээр сайн байгааг өөрийн нүдээр харлаа” хэмээн баяр хүргээд зарим бэлтгэл үүрэгтнүүдэд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулан өглөө.
Г.САЙХАНБАЯР: ЦААШИД АЙМАГ БҮРТ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон сургуулийг удирдан явуулсан ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал нараас зарим зүйлийг тодруулсан юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “ЗХЖШ, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран Орхон аймагт Дайчилгаатай команд штабын хээрийн сургуулийг маш сайн зохион байгууллаа. Энэ сургууль иргэдийг эх орноо батлан хамгаалах үүргийг нь ухамсарлуулсан маш үр дүнтэй сургууль болж чадлаа. Сургуульд оролцсон бэлтгэл үүрэгтнүүд хэлж байна лээ. “Бид энэ үүргээ мартсан байжээ. Үүргийг минь ойлгуулсан Зэвсэгт хүчинд баярлалаа. Аймаг бүрт энэхүү сургуулийг жил бүр алгасахгүй зохион байгуулбал тун сайн сан” гэж хэлж байна. Энэ бол иргэдийн сэтгэгдэл. БХЯ, ЗХЖШ-ынхны үндсэн гол зорилгуудын нэг нь Монгол Улсын иргэдийг эх орноо батлан хамгаалах байнгын бэлтгэлжилтэй болгох юм. Энэ бэлтгэлжилтийг л хангахын тулд аймаг орон нутагт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг тараан байршуулдаг нь ийм учиртай. Сургуулийн удирдлагуудын илтгэлийг сонсож байхад нийгэмд энэ хэрэгцээ шаардлага маш их байгаа бөгөөд иргэдийн эх орноо гэсэн чин сэтгэл ч дүүрэн байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн янз бүрийн салбарт ажиллаж байгаа бэлтгэл үүрэгтнүүд өөрийн эрхэлж ажил, хөдөлмөрийнхөө хажуугаар эх орноо хамгаалах нэн тэргүүний үүргээ ухамсарлаж чадсан нь сургуулийн гол үр дүн. Сургуулийн явцаас харахад бэлтгэл үүрэгтнүүдийн ур чадвар, буу, зэвсгээ эзэмшиж буй байдал нь нэлээд цэгцэрсэн байна. Удирдсан дарга нь ч “Их богино хугацаанд сэргэлт авсан” гэж хэлсэн. Дээрээс нь манай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зэвсэглэл, техникүүдийнхээ бэлэн байдлыг хангаж, нэлээдгүй ажил хийсэн нь ч харагдаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү сургуулийг цаашдаа жил бүр тогтмол явуулах шаардлагатай гэж хэлж байгаа нь бидний ажлын үр дүн. Өнөөдөр дэлхий даяар цар тахалтай, эдийн засаг амаргүй байгаа ч төр,засгийн удирдлагууд нийгмийн ач холбогдол талаас нь харж, ойлгож, дэмжиж байгаа нь чухал юм” хэмээгээд Дайчилгаатай команд штабын хээрийн сургууль нь Зэвсэгт хүчний тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулиудыг зэрэг хэрэгжүүлж чадсан нь хамгийн том үр дүн гэлээ.
ЗХЖШ-ын Бодлого стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал “Юуны өмнө сургуульд идвэхтэй оролцсон бэлтгэл офицер, ахлагч, бэлтгэл үүрэгтнүүддээ баярлалаа. Монгол Улс цөөхөн хүн ам, өргөн уудам нутагтай. Эх оронд минь аюул заналхийлэл тохиолдоход ард түмэн нэг юм шиг нягтарч байж аюулаас хамгаална. Зэвсэгт хүчний бэлэн байдлыг хангахад дайчилгааны бэлэн байдал чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, бэлтгэл үүрэгтнүүдийн оролцоо дээр тулгуурласан Зэвсэгт хүчинтэй орны хувьд энэ сургууль маш чухал юм. Манай ард түмэн эх орноо хамгаалж, Зэвсэгт хүчиндээ алба хаахад хэзээд бэлэн байгаа нь энэ удаагийн сургуулиар тодорхой харагдлаа. Нөгөө талаар сургуулийг зохион байгуулахдаа дайчилгааныхаа тогтолцоонд оруулах өөрчлөлтөө туршиж үзлээ. Туршилт маань ч маш амжилттай боллоо. Том ажлын эхлэл болсон сургууль болсноороо онцлог.” хэмээн тодотгосон юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОРМААЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин