Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай-3

“Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Хүйтэний хөндийд сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтож, чийг намгархаг газар хатаж ширгэж байна. Хүйтэний хөндийд хийсэн геофизикийн хэмжилтээр зөвхөн бөөрөгт цэвдэг илэрсэн. Энэ нь тухайн газар өмнө нь цэвдэг тархаж байсныг илэрхийлдэг.
Хүйтэний хөндийн намаг ихээхэн хатаж, хуурайшсан учраас экологийн доройтолд өртөж, намгийн доорх цэвдэг эрчимтэйгээр алдарсан байна” гэж ШУА-ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнгээс мэдээлсэн. Нэр нь хүртэл цэвдэг ихтэй газар байсныг илтгэх  ус намгархаг эксосистем бүхий энэ хөндийд олон тооны тогоруу, бусад усны шувууд зусдаг байлаа. Харин өнөөдөр тэнд хатаж ширгэсэн намаг, шавраас өөр зүйл үлдсэнгүй.
Өөрөөр хэлбэл зэрэгцээ оршиж байсан хоёр хөндийн нэг нь ийнхүү цэвдэггүй болсноор ус намгархаг газрынхаа экосистемийг хэдийнэ алдаад байна. Тэнд байсан усны шувууд Хурхын хөндийгөө бараадан зусч байна.
Тэгвэл Хүйтэний хөндийн доройтол Хурхад давтагдахгүйн баталгаа бас  л алга. 1969 онд Хурхын хөндийд 123 га-г хамрах 37 нуур байсан бол хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 2017 онд 24,4 га газрыг хамрах 13 нуур үлдсэн гэсэн судалгаа байна.  Хэрэв энэ хэвээр улам доройтсоор байвал Хурхын хөндий ч мөн адил хатаж, ширгэх нь цаг хугацааны асуудал болж, зорьж очдог шувууд нь нутаггүй болоход ойрхон байна.
 
Хамгийн гол нь ус намгархаг газрын экосистемийн энэхүү доройтолд дэлхийн дулаарал, байгаль уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа ч хүний буруутай үйл ажиллагаа 60-70 хувийн нөлөөллийг үзүүлж байгаа нь тун харамсалтай
 
ГОЛ ШАЛТГААН НЬ МАЛЫН ТОО ТОЛГОЙ, ЗОХИСГҮЙ БЭЛЧЭЭРЛЭЛТ 
 
мал бэлчсэн талбайн хөрсний температур мал бэлчээгүй хашсан хэсгээс тогтмол 5-6 хэмээр дулаан байгааг харж болно. 
Хурхын голын хөндий бол хүлэрт намаг, цэвдэг бүхий ус намгархаг газар гэдгийг өмнөх нийтлэлдээ хэлсэн. Цэвдэг бол хоёр болон түүнээс жилийн хугацаанд хасах градус бүхий байдаг хөрс, чулуулгийг хэлдэг. Хэрэв цэвдэг нь алдарвал ус, чийг нь газрын гүндээ шингэж хөндий дэх нуур, намаг хатаж ширгэнэ. Хуурай газар өндөглөх боломжгүй цэн тогорууны хувьд энэ бол сүйрэл гэсэн үг. Хөндийн цэвдгийн судалгааг тогтмол хэмжиж байгаа ч олон жилийн хугацаанд өөрчлөлт нь харагддаг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хатаж ширгэсэн гол нууруудын тоо баримт нь цэвдэг улам алдарч байгааг төвөггүй илтгэнэ. Үүний гол шалтгаан нь малын тоо толгой, зохисгүй бэлчээрлүүлэлт гэдгийг мэргэжлийнхэн хэлсээр байна. Нарнаас ирж байгаа хэт халалтаас хөрсөн дорх цэвдгийг хамгаалахын тулд ургамлан бүрхэвч зайлшгүй хэрэгтэй. Хэрэв ямар нэг менежментгүйгээр малаа бэлчээрлүүлсээр байвал цэвдэг хайлж дуусна гэсэн үг. Цэвдэг хайлна гэдэг хөрсний чийг алдагдаж, эргээд ургамал ногоо нь ургахаа больж, нуур намаг нь хатаж, цөлжилт үүсэх хэн ч ойлгохоор энгийн тогтолцоотой.
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийнхөн Хурхын хөндийд шувуу судлалын ажлаас гадна олон судалгааг хийдэг. Тухайлбал, хөндийг хоёр км-ийн давтамжтай торлосон 70 цэгийг сонгож аваад хөрсний температурыг хэмжиж байна. Жил болгон энэ судалгааг хийж байгаа бөгөөд 2019 оны зургаа, долоо, наймдугаар сарын хэмжилтүүдээс харахад мал бэлчсэн талбайн хөрсний температур мал бэлчээгүй хашсан хэсгээс тогтмол 5-6 хэмээр дулаан байгааг харж болно. Энэ жилийн судалгааны дүн гараагүй байгаа ч үр дүн нь ойролцоо байгааг төвийн судлаач С.Вандандорж хэлж байлаа.
 
Мөн уур амьсгалын дулаарал, малын бэлчээрлэлт хоёр хөрсний температур болон ургамлын зүйлд хэрхэн нөлөөлж байгааг судалж байсан юм. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, дулаарал явагдсаар байна гэж үзээд жижиг хүлэмж бүхий хоёр талбай бэлтгэж нэгнийх нь ургамлыг огт оролдохгүй, нөгөөг нь мал идсэн мэтээр зохиомлоор тайрах, мөн хүлэмжгүйгээр задгай хоёр талбай бэлтгээд дээрх хоёр туршилтыг ижилхэн хийж байсан юм. Аль ч тохиолдолд мал бэлчээгүй талбайн ургамлын зүйл нь олон, ус намгархаг газрын гол ургамал болох хагдны эзлэх хувь өндөр байгааг судалгааны ажлын үр дүн харуулж байгаа аж.
Мөн шавжны судалгааг хийхэд тогорууны гол идэш болсон шавжны тоо толгой буурах байдал ажиглагдаж байгааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл малын бэлчээрийн менежментийг зөв хийхгүй бол ус намгархаг газрын экосистем улам доройтсоор байхыг эдгээр судалгааны ажлууд харуулж байсан юм.
 
МАЛЧДАД НАЙДААД ОРХИХ БИШ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЬЕ 
 
ЗАСХТөвийн судлаач С.Вандандоржийн судалгааны ажлаас) 
Улс даяар цөлжилт асуудал болж байгаа энэ үед нийтээрээ биш юм аа гэхэд экосистемийн хувьд онцгойд тооцогдох энэ газрууддаа мал аж ахуйн зөв менежмент хэрэгжүүлэхгүй бол асуудал хүндэрч байгааг Хурх-Хүйтний голын хөндийн жишээ тодорхой харуулж байна. Хэдийгээр хэсэгхэн газрын экосистем, хэдэн усны шувуудын асуудал мэт боловч жил ирэх тусам ширгэж, хатаж байгаа хуурайшилт, цөлжилтийн гол асуудал нь малын тоо толгой, зохисгүй бэлчээрлүүлэлт гэдгийг хэлсээр байгаа. 20-30 сая малын даацтай гэдэг ч хэдийнэ 70 саяд хүрсэн малын бэлчээрийн асуудал энэ мэт асуудал дагуулах нь тодорхой.
Тиймээс малын тоо толгойг зүй зохистойгоор барих, хиймлээр өсгөх биш чанаржуулах, малчдад орлогын өөр эх үүсвэрийг бий болгох гээд бодлогын чанартай ажлууд яалт ч үгүй үгүйлэгдэж байна. Шувуу судлаачдын хувьд ч малаа багасга гэж шууд хэлэх боломжгүй учраас малчдад энэхүү эксосистемийн учрыг ойлгуулах, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд орон нутагтай нь хамтраж ажиллах гээд олон гарц гаргалгааг хайж байгаагаа хэлж байсан юм.
 
“Өвөлдөө тогтвортой харин зундаа цэвдгээ хайрлаж, сэлгэн нүүх гэх мэтээр бэлчээрийнхээ учрыг сайтар ойлгодог болмоор байгаа юм. Жил бүр мал бэлчээдэг газар бол шарилж л ургадаг гэдгийг малчид маань уг нь мэддэг. Биднийг ойлгож сонсох нэгэн байхад ойлгохгүй нь олон. Хэдийгээр тогоруу хамгаалах ажил мэт боловч үржил шимж ус намгархаг газрын хамгаалалт, цаашлаад байгаль орчны чухал асуудал гэдгийг иргэд, малчид маань ойлгоосой.” гэж судлаач С.Вандандорж хэллээ.  
Хурх-Хүйтний голын хөндийг өнгөрсөн тавдугаар сард нөөц газрын хэлбэрээр улс тусгай хамгаалтад авсан байдаг. Гэхдээ Хүйтний хөндийн хувьд хожимдсон ажил болсныг энэхүү цуврал нийтлэлээр харууллаа. Харин одоо дэлхийд ховордсон усны шувуудын гол нутаг нь болсон Хурхын хөндийг аль болох олон жил ус  нууруудтай нь ургамал амьтантай нь байлгахад дахин сайтар бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ховордсон усны шувуудын амьдрахад таатай газруудыг дэлхий бүртгэж авсан Рамсарын конвенцид орсон 11 газар манай улсад байдгаас хамгийн анхных нь болсон Монголдагуурын цэвдэг хайлж дуусаад, ус нуурууд нь ширгэж усны шувууд нь дайжиж байгааг ч өмнөх нийтлэлүүдэд хүргэсэн билээ. Харин одоо Монголдагуурын, Хүйтний хөндийн доройтол Хурхад бүү давтагдаасай. Цэн тогорууд Монголдоо үлдээсэй.
 
 
Б.СолонгоЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ