Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэвдэг уствал усгүй болно!!!


Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг.
Хавар түрүүлж ногоо иддэг, намар сүүлдэж шарладаг газар бол өлөн буюу довтой хэсэг юм. Тэгвэл тэр газрын дор битүү мөс буюу цэвдэг байгаа аж. Сүүлийн жилүүдэд довтой газар харлаад байдаг болсон. Энэ нь дэлхийн дулаарлыг илэрхийлэх бөгөөд цэвдэг үгүй болж байна гэсэн үг...
МОНГОЛ ОРОН ЦЭВДГИЙН ТАРХАЛТААРАА ТАВДУГААРТ ОРДОГ
Цэвдэг (permafrost) гэдэг нь тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс, чулуулгийг хэлнэ(H.French, 2007). Гэвч энэ нь мөнхийн, тогтмол гэсэн утга санааг агуулдаггүй бөгөөд уур амьсгал болон бусад хүчин зүйлийн нөлөөнд хувьсан өөрчлөгддөг. Харин тэг буюу түүнээс доош градуст хоёр буюу түүнээс дээш жил орших, ядаж өөртөө агуулах чийгийн зарим нь мөс болсон хөрс, чулуулгийг олон жилийн цэвдэг (многолетнемёрзлые горные породы) гэж тодорхойлсон байдаг(В.А.Кудрявцев, 1978).
Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг эзлэн орших бөгөөд нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог (Т.Zhangetal,2006).
Монгол орон цэвдгийн тархалтаараа ОХУ, Канад, АНУ, Хятад орнуудын дараа тавдугаарт ордог бөгөөд Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутагт зонхилон тархсан байдаг.
/“Монгол орны цэвдгийн тархалтын зураг”. 1:1000 000 масштабтай (Я.Жамбалжав ба бусад, 2016)/.
Цэвдгийг температураар нь хүйтэн (cold permafrost) ба дулаан цэвдэг(warm permafrost) гэж хоёр ангилдаг. Хүйтэн цэвдэг нь өндөр өргөрөг болон өндөр уулсын үргэлжилсэн тархалттай цэвдэгт бүсд -2°С-ээс бага температуртай байдаг. Харин дулаан цэвдэг нь -2°С-ээс их температуртай бөгөөд цэвдэгт бүс нутгийн өмнөд захаар ихэвчлэн тохиолддог. Монгол орны Дархадын хотгор, Хангайн гол нуруу, Шар усны гол зэрэг бүс нутгуудад хүйтэн цэвдэгтэй бол уулсын бэл хормой, хөндий, хотост дулаан цэвдэг тархсан байдаг.
Монгол орны цэвдэг тархах боломжит талбайн 14.8% ноогдох бөгөөд үргэлжилсэн тархалттай цэвдэг 31158 км2, тасалданги тархалттай цэвдэг 14462 км2, алаг цоог тархалттай цэвдэг 11459 км2, тохиолдлын тархалттай цэвдэг 11571 км2 талбайг тус тус эзлэнэ.
Цэвдэг нь их хэмжээний мөс, чийг өөртөө агуулдаг нь ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Цэвдгийн гэсэлт, багасалт нь улирлын гэсэлтийн гүн болон газрын гадаргын температурыг нэмэгдүүлэх, усны нөөц болон ургамлын төрөл зүйлийг багасах гэх мэт экологийн сөрөг үр дагаврыг бий болгодог. Энэ нь тухайн газарт газрын доройтол, цөлжилт үүсэх нөхцлийг бүрдүүлдэг(Meixue Yang, 2004).
Цэвдгийн экосистемд үзүүлэх нөлөө их тул түүний оршин тогтнолд нөлөөлж байгаа байгалийн хүчин зүйлсийг тодорхойлох нь шинжлэх ухаан болон практикт өндөр ач холбогдолтой.
Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны нөөцийн нэг хэлбэр болно. Мөн хөндий хотсын төв хэсгийн чийг намагтай хэсэгт, уулсын ар хажуугийн шилмүүст ойн дор цэвдэг голчлон тархсан байдаг учир энэхүү экосистемийн чийг дулааны горимыг тэнцвэржүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг.
Манай орны ихэнх том гол, горхи эх ундаргаа цэвдэгтэй өндөр уулсаас авсан байдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлдэг байна.(А.Дашцэрэн, 2014).
Цэвдэг нь маш олон төрлийн ач холбогдолтойгоос гадна нөгөө талаас түүн дээр баригдсан барилга байгууламжийг гажаах, ан цав, хагарал үүсгэх гэх мэт сөрөг нөлөө их байдаг.
Цэвдгийн тархалт нь газрын гадаргын бүрхэвч болон хэлбэрээс хамааран өөрчлөгдөж буй бичил уур амьсгалын нөхцөлтэй нарийн нягт уялдаатай (Dashtseren et al., 2014). Ийм учраас цэвдгийн тархалтыг илрүүлэхэд маш төвөгтэй учир бичил уур амьсгалын мэдээ, материал цэвдгийн судалгаанд маш чухал. Гэвч бичил уур амьсгалын хэмжилт хийхэд хэмжилтийн багажны үнэ өртөг, суурилуулалт гэх мэт асуудлуудаас болж Монголд нарийвчилсан мэдээ, материал нь ховор байдаг.
ЦЭВДЭГ - АРХАНГАЙ АЙМАГТ
Байнгын цэвдэгтэй сумд: Ихтамир, Цэнхэр, Чулуут, Хангай. Аймгийн төв Цэцэрлэг хот цэвдэгтэй бүсд ордог байна.
 /Зураг: Архангай-1971 он/
/Зураг: Архангай-2006 он/
Мэдээллийг бэлтгэсэн: Архангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Цэрэнлхам
 
МОНГОЛЫН МӨНХ ЦЭВДЭГ ХАЙЛСНААР ОХУ, БНХАУ-Д НӨЛӨӨЛНӨ
Арван мянган жилийн өмнө устсан арслан зааныг идэж байсан өвстэй нь Сибирийн мөнх цэвдгээс олсон нь шинжлэх ухааны түүхэнд, байгаагүй ололт болсон юм. Үүн шиг хэдэн сая жилийн настай эд өлгийн зүйлс, амьтдын олдворыг бидэнд тэр чигээр нь өвлүүлдэг учраас цэвдгийг байгалийн “мөсөн зоорь” гэдэг.
Харамсалтай нь, Монголын хойд нутгийн мөнх цэвдгийн мөс эрчимтэй хайлж эхэлснийг АНУ-ын Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд баталжээ. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөнх цэвдгүүд хайлснаар цаа буга тэргүүтэй тайгын амьтдыг мөхөлд хүргэх эрсдэлтэй аж.
Монголын мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжиж ОХУ, БНХАУ-д нөлөөлнө. Мөнх цэвдэг нь байгалийн экосистемийн нэг хэсэг учраас гол мөрөн ширгэх, ой мод хатах, цөлжилт нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөтэй.
Үүнээс гадна тухайн улсын эдийн засагт ч асар их гарз учруулдаг. Мөнх цэвдэг хайлснаар эртний булш бунхан дахь нэхмэл эдпэл, арьс шир, модон хэрэгсэл зэрэг археологийн үнэт олдворууд ил гарч эхэлжээ. Ингэж удаан хугацааны турш мөс цасанд хадгалагдсан эртний олдвор нь маш богино хугацаанд задралд орж устаж үгүй болох аюултай юм. Энэ судалгааг АНУ-ын Колородагийн их сургуулийн археологич Виллиам Тэйлор бусад судлаачтай хамтран хийсэн байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин /2019-12-11 11:24/
МОНГОЛ ОРНЫ ЦЭВДГИЙН ХИЛ 272 КМ-ЭЭР “АГШСАН”
Монголчууд булаг шанд гэнэтхэн боргилон гарч ирэхийг ихэд бэлэгшээдэг бөгөөд байгаль дэлхий өнө удаан сайн сайхан байж хүмүүсийн аж амьдрал сайхан болохын шинж хэмээн үздэг. Өмнө жилүүдэд Дорноговь аймагт ийм тохиолдол олонтаа гарч байсан юм. Шинжлдэх ухааны үүднээс тайлбарлаж дэлхийн дулааралтай холбоотой бөгөөд газар доорх цэвдэг ихээхэн хэмжээгээр хайлж байгаагаас газрын хөрснөөс ус нэвчин гарч байгаа үзэгдэл гэж тайлбарладаг.      
2016 оны судалгаагаар:
Монгол орны нийт газар нутгийн 29.3 хувьд цэвдэг тасалданги болон алаг цоог хэлбэрээр тархсан.
1971 онд харьцуулахад Монгол орны цэвдэгтэй талбай 5%-иар буурсан. Цэвдгийн өмнөд хил Хангайн нуруунд 94 км, Хэнтийн нуруунд 178 км тус тус хойшилсон.
/Дээрх 2 зураг: “МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДЭГ ТАРХАЛТЫН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” ТАЙЛАН. /ШУТИС-2009 ОН/
МОНГОЛ ОРНЫ МӨНХ ЦЭВДГИЙН ДИЙЛЭНХ НЬ 2060 ОН ГЭХЭД ХАЙЛЖ ДУУСАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Я.Жамбалжавын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас:
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан байх ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг.
1968-1971 оны Орос, Монголын хамтарсан геокриологийн экспедицийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63 хувьд тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй гэж тогтоосон байдаг. Энэ хугацаанд гадна, дотны төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны цэвдгийг хянах 200 орчим цооногтой болсон байна. Мөн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 2016 онд цэвдгийн шинэ зураг гаргалаа.
Нэгдүгээрт Монгол орон маань цэвдгийн өмнөд захад оршдог, хоёрдугаарт уур амьсгалын дулааралт Монгол орны газар нутагт эрчимтэй явагдаж байгаа зэрэг нь эмзэг экосистемтэй Монгол орны цэвдгийг алдралд хүчтэй оруулж байна. Монгол орны хэмжээнд хойд бүс нутаг болон уулсын өндөрлөг хэсэгт цэвдгийн дулаарал ажиглагдаж байгаа бол нам дор хэсэг, өмнөд захаараа цэвдэггүй болох нь ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл 1960-1980 аад оны үеийн хэмжилтийн мэдээг өнөөдрийн хэмжилттэй харьцуулахад хойд болон өндөр уулын хэсэгт хасах хэм дотроо дулаарсан зүй тогтол ажиглагдаж байгаа бол нам дор газрууд болон өмнөд нутгаар гүехэн цэвдэг нь үгүй болсон байна.
Монгол орны газар нутгийн 29.3 хувьд цэвдэг нь тасалданги болон алаг цоог хэлбэртэйгээр тархсан гэсэн үр дүн гарсан. Харин 1970-аад оны үеийн судалгаагаар нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэг байсан юм байна.
Сүүлийн жилүүдэд инженерийн цэвдэг судлалын асуудал хурц болж байна. Хөдөө орон нутагт цэвдэг дээр барьсан барилга байгууламж нурах, зам гүүр эвдрэх зэрэг олон асуудал гарч ирээд байгаа.
2016 оны зун Хойд Тэрхийн голын гүүр нурсан, шалтгаан нь цэвдэг гээд л бичсэн байсан. Мөн Архангай аймгийн Цахир, Хангай, Завхан аймгийн Отгон, Баянхайрхан сумдын цэцэрлэг, эмнэлгийн барилга хагарал үүссэн шалтгаан нь цэвдэг гээд л телевизээр яриад байсан. Энэ бүгдийг бид өөрсдөө шийдэх л хэрэгтэй.
Жишээлбэл, мянганы зам ид яригдаж байхад мянганы замын цэвдэг дайрч өнгөрөх хэсэгт цэвдгийн судалгааг нь хийж өгье гэж саналаа тухайн үеийн холбогдох хүмүүст танилцуулж л байсан. Мянганы зам өнөөдөр Архангай аймгийн Чулуутын гүүрээс Завхан аймгийн Тосонцэнгэл ортол тавигдсан байгаа. Түрүүчээсээ цэвдгийн гэсэлтээс болоод суулт өгөөд машин явахад асуудалтай болоод эхэлсэн. Тэгэхээр эндээс гарц олж, нийгэм эдийн засгийн хохирол багатай зам, барилга байгууламжийг баривал зүгээр санагдаад байдаг юм.
Монгол орны хэмжээнд цэвдгийн температур 10 жил тутамд 0.04-0.29С-ээр дулаарсан байх ба нам дор газрууд болон өмнөд захаар нимгэн цэвдэг үгүй болох, улирлын гэсэлт нэмэгдэж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хуучин төв орчимд 8 м орчим болсон, зарим газарт зундаа гэссэн хэмжээндээ хүрч өвөлдөө хөлдөхгүй болох зэрэг үзэгдэл ажиглагдах болсон.
Цэвдэг нь бас нэг уур амьсгалын өөрчлөлтийн индикатор болдог онцлогтой. Өнөөдөр дэлхийн агаар мандалд агуулагдаж байгаа хүлэмжийн хийнээс хоёр дахин их хүлэмжийн хий дэлхийн цэвдэг хөрсөнд агуулагдаж байна гэсэн судалгааг олон улсын эрдэмтэн судлаач нар тогтоосон байдаг. Дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн загварчлалуудад хүлэмжийн хий ийм хэмжээгээр ихэсвэл ирээдүйд ийм болно гэсэн дүгнэлтүүд гаргасан байдаг. Үүндээ цэвдэгт агуулагдаж байгаа хүлэмжийн хийг тооцвол өнөөдрийн загварчилж байгаагаас хэд дахин их дулаарах болно гэсэн дүгнэлт хүртэл байдаг.
Гэтэл манай дэлхийн хамгийн их цэвдэгтэй бүс нутаг болох Сибирийн цэвдэгт тайгаас оросууд ямар их мод бэлтгэж манай нутгаар дамжуулан урд хөрш рүү зөөж байна, мөн их хэмжээний түймэр болж утаа нь бидэнд хүртэл мэдрэгдэж байгаа. Энэ нь тухайн бүс нутгийн цэвдгийг маш ихээр гэсгээж байна, тэр хэмжээгээр хүлэмжийн хий агаар мандалд цацагдаж байна гэдгийг ойлгохгүй байгаа. Саяхан ОХУ-ын хэсэг эрдэмтэд цэвдэг хамгаалах хуультай болъё гэсэн санал хүртэл гаргасан байсан. Германы эрдэмтэн судлаач нарын судалгааны ажлын үр дүнээс харахад Сөгнөгөрийн голын эхэнд 2007 онд гарсан түймэрийн улмаас тухайн газрын цэвдэг дээрээсээ 2 гаруй метр гэссэн байсан.
Цэвдгийн гол онцлог нь хөрсний дулаан-чийгний горимыг тэнцвэржүүлэх замаар түүн дээрх ургамал ургах ая тухтай орчныг бүрдүүлдэг.
Монгол орны цэвдгийн өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг гаргахад: Монгол орны газар нутгийн 29.3 хувь тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдгийн тархалттай бол 2046-2065 оны үед энэ тоо 10.9 хувь болохоор тооцоологдсон болно. Монгол орны мөнх цэвдгийн 66 хувь нь 2060 он гэхэд хайлж, дуусах төлөвтэй байгаа гэсэн үг.
Хамгийн хүйтэн цэвдэг Антарктид тивд -23.6С гэсэн байдаг бол хамгийн дулаан цэвдэг Монгол оронд л байна даа. Манай орны цэвдгийн температур -5С-ээс 0 хэмийн хооронд оршдог. Мэдээж энэ температур дулааралтын нөлөөгөөр нэмэгдэж байгаа. Тэг хэмд ойрхон нь үгүй болж байна.
Цэвдэгт бүс нутгийн газрын гадаргын нөхцлийг өөрчлөхгүй байх тал дээр их анхаарч ажиллах хэрэгтэй юм. Нөгөө талаас цэвдэгт бүс нутгийн зам, барилгын буурь, суурийг хөргөх замаар тэдгээрийн доорх цэвдгийг гэсэхээс хамгаалах янз бүрийн технологийн шийдлүүд байдаг. Дэлхийн хэмжээнд цэвдэгт агуулагдаж байгаа хүлэмжийн хий агаар мандалд алдагдвал ямар их гамшиг хүлээж байгаа, үүнийг яаж сааруулах вэ гэсэн нэг асуудал байгаа бол хоёрдугаарт цэвдэг гэсвэл түүн дээр барьсан дэд бүтцийг яах вэ гэдэг том асуудлын нэг болоод байгаа.
“Ус” үндэсний хөтөлбөрт заасан цэвдгийн холбогдолтой заалтууд тодорхой хэмжээнд хэрэгжсэн. Харин хамгаалах тал дээр дутмаг. Цэвдэгт бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа замбараагүй явагдаж байна. Цэвдэгтэй бол тэгнэ ингэнэ гэсэн ямар нэгэн хууль эрх зүйн үндэслэл байдаггүй. Саяхны жишээ гэвэл Ноён уул байна.
/Суварга хайрхан ууланд/
Эшлэл:
Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төслийн зохицуулагч Г.Эрдэнэцолмон: “Ойн чухал ач холбогдол нь мөнх цэвдгийн үүрдийн хамгаалагч. Дэлхийн хуурай газрын биологийн төрөл зүйлийн 80 хувьд амьдрах орон байр, хүнс тэжээл болж байгаа явдал юм. Эндээс үзэхэд мөнх цэвдэг бол асар их нүүрстөрөгч, мөн түүнтэй хамт хэдэн мянган төрлийн бактери, вирусыг хадгалагч БАЙГАЛИЙН ХӨРГӨГЧ гэдэг нь дамжиггүй”
АРХАНГАЙД ТАВАН ЦООНОГ БИЙ
/Чулуут гол/
Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Тэмүүжингээс дараах мэдээллийг авлаа.
Манай улсын цэвдэг судлалын цооногуудаас хамгийн олон нь Хөвсгөл, Завхан, Баянхонгорт бий. Ер нь Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэрээс бусад аймгуудад цооногтой. Архангайд таван газарт буюу Чулуут, Тэрхийн голын хөндийд бий.
Манай улсад 1961 онд Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсан. Тухайн үед гурван аймагт /Баянхонгор, Хөвсгөл, Архангай/ станцтай байсан.
Цэвдэг судлалыг ерөнхий болон инженерийн гэж ангилдаг. Ерөнхий судлал бол нэлээд хийгдсэн. Ер нь судалгаа тасралтгүй хийгдсээр байгаа. Харин 1990 онд хүрээлэн татан буугдаад, үйл ажиллагаа нь бага зэрэг хумигдсан.
Одоо манай улсад Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбар гэсэн төрийн байгууллага ажилладаг. Салбар 2000 оноос хойш инженерийн судлалд анхаарч байна. Энэ чиглэлийн судалгааны тайлан энэ онд баталгаажаад байна. Архангай аймгийн тухайд Тэрхийн гол орчмоор тавигдсан зам судалгаанд хамрагдсан. Цахирт мөн судалгаа хийгдэж байсан ч зардлаас болоод больсон.
ххх
Төгс баясгалант буян дэлгэрэх хийдийн лам Х.Батбаяр: Чулуутын гүүрний нэг гуанзны модон байшин зун нь хотойчихдог, өвөлдөө тэгширчихдэг тухай хуучилж байсан билээ.
ххх
Цэвдэг усны нөөцтэй шууд холбогддог. Монгол орны усны нөөцийн 70 хувь нь бүрэлдэх газар цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүстэй яг таардаг. /Г.Даваагийн судалгаагаар/ Усны нөөц болсон, чийгийг хуримтлуулдаг ач холбогдолтой байгалийн хүчин зүйл бол ЦЭВДЭГ юм.
Усны өдрөөр усны тухай илүү ярьдаг шиг бас цэвдгийн тухай мэдээлэл ч чухал аж.
 /Архангай аймаг. Ихтамир сум. Хөх нуур/
ЭХ СУРВАЛЖ: http://www.myarkhangai.mn/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ