
“Nutrition research” сэтгүүлд нийтэлсэн Бразилын судлаачдын шинэ нийтлэлд өгүүлснээр кешью самар тогтмол хэрэглэх нь таргалалттай өсвөр насныхны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэв. Ерөнхий боловсролын 142 сургуулийн, илүүдэл жинтэй сурагчдыг хамруулсан судалгааны гурван сарын үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваагаад нэг хэсэгт нь өдөр бүр 30 грамм шарсан кешью самар идүүлж, хоол тэжээлийн зөвлөгөө байнга өгсөнбайна. Харин нөгөө бүлгийнхнийг зөвлөгөөний дагуу хооллосон ч самар огт өгөөгүй гэнэ. Туршилтын төгсгөлд эхний бүлгийнхний бэлхүүсний тойрог болон исэлдэлтийн стресс (энэнь чөлөөт радикалуудын үйлдвэрлэл болон бие махбод тэдгээрийг антиоксидантаар саармагжуулах чадварын хооронд үүсдэг тэнцвэргүй байдал. Илүүдэл чөлөөт радикалууд эс болон тэдгээрийн бүрэлдэхүүн хэсэг болох ДНХ, уураг, липидийг гэмтээж, архаг өвчин үүсгэх, эрт хөгшрөх зэрэг сөрөг нөлөөтэй)-ийн түвшин мэдэгдэхүйц буурчээ. Гэхдээбиеийн жингийн хувьд өөрчлөлт бага, зарим нь гурван сарын өмнөхтэйгээадил байсан. Эрдэмтдийн үзэж буйгаар кешью самарт агуулагдах магни, ханаагүй өөх тос, антиоксидантууд нь висцерал өөхний хуримтлалыг бууруулж, эсийг гэмтэхээс хамгаалдаг. Вицерал гэдэг нэр томьёог анагаах ухаанд дотоод эрхтнүүдтэй холбоотой аливаа зүйлийг тодорхойлоход ашигладаг. Жишээнь, хэвлийн ханаар дамжуулан дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээж, сайжруулдаг эмчилгээг висцерал арга гэдэг. Тэгэхээр судлаачид энэтөрлийн самрыг өсвөр насныхны хоолны дэглэмд оруулах нь зүрх, судасны өвчин, бодисын солилцооны эмгэгийн эрсдэлийг бууруулах энгийн бөгөөд боломжийн арга гэж тайлбарлажээ.
Ташрамд, ургах үйл явцаар нь “хуурамч алим” хэмээн нэрлэдэг кешью чөлөөт радикалууд болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээрээалдартай. Сумаховгийн мөнх ногоон модонд ургадаг, ер бусын амт, хэлбэртэй кешью бол үнэндээсамартай төст жимс юм. Бразилаас гаралтай эл жимсний модыг Энэтхэг, Гоа, Африкт авчирсан түүхтэй аж. Өдгөө дэлхийн 32 оронд 20 орчим төрлийн кешью тариалдаг бөгөөд гол нийлүүлэгч нь Бразил, Вьетнам, Нигери, Энэтхэг. Кешью тосонд уусдаг К, Е болон С, В1, В2, В3 (PP), В5, В6, В9 аминдэм, кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр, зэс, манган, селен зэрэг эрдсийн уурхай. Мөн ханаагүй тосны хүчил болох омега-3, омега-6, омега-9 агуулдаг. Эслэгийн агууламж өндөр тул өтгөн хаталтаас сэргийлж, гэдэсний эрүүл орчныг дэмждэг тустай учраас олон орны эмч нар 50-иас дээш насныханд кешью тогтмол идэхийг зөвлөдөг байна.
Ж.Эрдэнэ
https://www.unuudur.mn/a/278432







