http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хязгаар нь хаана вэ


Дэлхий гараг, түүний оршин буй нарны аймгийн хязгаар хаана хүрээд “хаагддаг”- ийг мэдэхээр эрт үеэс эрдэмтэн, судлаачид сансар, огторгуй руу “өнгийсөөр” иржээ. Галилео Галилей 1610 онд тэнгэрийн эрхсийг тольдох дуран бүтээснээр Сүүн зам хэмээх зурваст “нуугдсан” тоо томшгүй оддын бөөгнөрлийг илрүүлсэн. Энэ нээлтийн ачаар эрдэмтдийн таамаглал шинэ баримт, мэдлэгт суурилан тэлж, сансрын орон зай төсөөлж, тооцоолж байснаас нь өргөн уудам болохыг мэдэж авав. Тэр цагаас хойш тэсрэлт болсон олон нээлт хийж, орчлон, од эрхсийг таних их аян хүрээгээ тэлсээр.
Галилейн бүтээлээс хойш гурван зууны дараа буюу 1900-гаад онд олон улсын одон орон судлаач, мэргэжилтнүүд асар хүчтэй дуран бүтээлээ. Тэр хэрээр огторгуйн бүс нутгийн талаарх ойлголт, мэдлэг туйлын бодитоор дахин өргөжиж, Сүүн зам бол сансар дахь олон “арлын” нэг нь л гэдгийг баталсан юм. Энэ салбарын судалгаа бүхэн цоо шинэ мэдлэг нэмсээр хүчирхэг техник, технологийн тусламжтайгаар орчлон ертөнц өмнөхөөсөө тэлж буйг, галактикууд нэг нэгнээсээ улам хурдацтай холдож байгааг тогтоов.
ХХзуунд одон орон судлал “бяр” суусныг илтгэх олон үйл явдлаар баяжсан. Дахиад шинэ дуран, хүчирхэг техникүүд бүтээснээр 92 тэрбум гэрлийн жилээр хэмжигдэх уудам оройн зайд буюу эрдэмтдийн “ажиглах боломжит ертөнц” хэмээн нэрлэсэн талбарт хоёр их наяд орчим галактик байдгийг олж мэджээ. Гэсэн хэдий ч эрдэмтэд огторгуйн хязгаар хаана хүрдгийг хараахан мэдэж чадаагүй л байна. Чадаагүй гэдэг нь боломжгүй, эсвэл огт чадахгүй гэсэн үг биш юм. Цаг хугацаа болон гэрлийн тархах хурд зэргээс хамаарч ажиглах боломжит ертөнц хязгаарлагддаг байна. Тодруулбал гэрлийн тархах хурд нэг секундэд 299 792 458 метр. Тэгэхээр биднээс хэдэн тэрбум гэрлийн жилээр хэмжигдэх орон зай дахь объектуудын гялбаа, гэрлийг “барьж харах” боломжгүй л гэсэн үг.
 
ЛАВЛАХ:
Сансар, огторгуйн хэмжилтийн нэгжийг AU гэнэ. Километр гэсэн хэмжигдэхүүн ашиглах боломжгүй том тоо учраас тэр. AU нь дэлхийгээс нар хүртэлх дундаж зай бөгөөд ойролцоогоор 150 сая км. Үүнийг нарны аймгийн объектуудын хоорондын орон зайг хэмжихэд хэрэглэдэг. Жишээ нь, Далай ван манай гараг хооронд 4.5 тэрбум км буюу 30 AU.
Харин тэрбумаас давсан тоогоор хэмжигдэх оройн зайг гэрлийн жил хэмээх хэмжигдэхүүнээр тооцдог. Барагцаагаар 9.5 их наядыг нэг гэрлийн жилд тооцно. Энэ нь 60 000 AU гэсэн үг. Ер нь сансрын тухай ойлголтыг ойрын, алсын гэж ангилдаг. Сарны тойрог зам хүртэлх хэсгийг ойр, үүнээс чинадыг хязгаараас давсан гүн буюу алсын сансар гэж тодорхойлдог.
Америкийн физикч, Нобелийн шагналт Жон Мазер “Сансар, огторгуй бидний харж, таамаглаж буйгаас хамаагүй том. Гэхдээ үүнийг илүү хүчтэй шинэ дурангууд бүтээгээд харах боломжтой юу гэдэг. Ямар ч өндөр технологийн дуран байсан огторгуйн хязгаарыг харж чадахгүй. Учир нь дуран авайгаар зөвхөн боломжит зүйлийг л ажигладаг. Тиймээс энэ судлал хатуу хязгаарт тулаад байна. Гэхдээ бид аль хэдийн сансар, огторгуйн боломжит хамгийн уудмыг, тодруулбал 92 тэрбум гэрлийн жилээр хэмжигдэх орон зай дахийг, Их тэсрэлтийн үлдэгдэл гэрэл (Cosmic microwave background буюу сансрын богино долгионы дэвсгэр цацраг)-ийг харчихсан шүү дээ” гэжээ. Тэгвэл огторгуйн хязгаарыг тогтоох эрэл энд хүрээд л зогсов уу, эсвэл гацчихав уу. Ийм өөдрөг бус асуултад Жон Мазерын үзэл бодол гайхалтай хариулт болох буй за. Тэрбээр “Хэдийгээр бид боломжит бүхнийг харж, мэдсэн ч энэ бол төгсгөл биш. Сансар, огторгуй үргэлжилсээр. Тэр уудам орон зай сунаж, цаашилсаар...Магадгүй бид хязгаарыг нь хэзээ ч олж чадахгүй байж мэднэ. Баттай хэлэх боломжгүй” гэжээ.
Эртний Грекийн математикч Эратосфен энгийн тригонометр ашиглан дэлхийн хэмжээг тооцоолсонтой адил сүүлийн хэдэн арван жилд судлаачид энэ нууцыг тайлах оролдлого хийж, үүний тулд эхлээд сансар, огторгуйн хэлбэрийг тодорхойлохыг оролджээ. Онолын хувьд энэ нь орон зайн муруйлтаас хамаарах боломжит гурван хэлбэртэй байж болно. Тодруулбал, бөмбөрцөг (эерэг муруйлт), хавтгай (ямар ч муруйлтгүй), эмээлийн буюу сөрөг муруйлт гэсэн хэлбэр. Эдгээрээс эмээл хэлбэртэй гэдэг хувилбарыг эрдэмтэд тэр бүр дэмждэггүй. Харин бөмбөрцөг гэхээр нар, дэлхий, гаргууд шиг. Ийм хэлбэртэй учраас дэлхийгээс аль ч чиглэлд сансарт нисэх боломжтой бөгөөд эцэст нь Магеллан шиг эхлэлийн шугамдаа буцаж очно. Эйнштейн энэ загварыг “Хязгаарлагдмал боловч хязгааргүй ертөнц” гэж тодорхойлсон байдаг. Тиймээс энгийн ухаанаар бодоход бөмбөрцөг хэлбэр байж болох хувилбар.
Гэхдээ энэ асуултын хариулт 1980-аад оны төгсгөл үед тодорхой болжээ. Тухайн үед сансрын богино долгионы дэвсгэрийг судлах зорилгоор тойрог замын ажиглалтын байгууламжуудыг бүтээж эхэлсэн. Ингэснээр энэ төрлийн ажиглалтыг улам нарийн хэмжилттэй хийх болсноор сансар, огторгуйн орон зай огт муруйлтгүй гэдгийг баталсан юм. Энэ нь одон орон судлаачдын хэмжилт хийх боломжтой хязгаарт тэгшхэн байна. Жон Мазер энэ талаар “Орчлон ертөнц хавтгай, хязгааргүй цаас шиг” гэж тодорхойлсон бөгөөд “Тиймээс бид ямар ч чиглэлд хязгааргүй хол нисэж чадна. Харин огторгуйн уудам орон зай бидэнд хязгаар нь үзэгдэхгүй хэвээр байна. Ийм баримжаагүй, хилийн дээс үгүй ертөнцийн хязгаарт хүрэх боломжгүй. Гэсэн ч энэ эрэл хайгуулын үр дүнд илүү олон галактикийг олж мэдэх болно. Үүнд мэргэжилтэн бид бүгд сэтгэл хангалуун байдаг” гэжээ. Мэргэжилтнүүдийн асуултыг “бардаг” нэг зүйл бий. Энэ нь сансар, огторгуйн орон зай тасралтгүй тэлдэг үзэгдэл. Тиймээс огторгуйн хязгаарыг онолоор л “барьж авч“ хариулт олно гэж эрдэмтэд найдаж буй. Хавтгай ертөнц нь ажиглалт, онолын аль алинд нь нийцдэг. Онол бол аль нэгийг нь шууд бус нотолгоо болгож чадах загвар юм. Жишээ нь, Хиггс бозон гэх мэт олон тооны бөөмийг нээхээс хамаагүй өмнө эрдэмтэд физикийн стандарт загвараар ийм зүйл байгааг урьдчилан таамагласан. Квант физикийн олон үзэгдлийг мөн л онолоор баталсан билээ.
Ташрамд өгүүлэхэд, дэлхий болон сансрын хил хязгаарын талаар олон орны эрдэмтэд нэгдмэл ойлголтод хүрээгүй байна. Зөвхөн дэлхий, сансар хоёрын хилийг л гэхэд гурван янзаар тогтоосон байдаг. Олон улсын агаарын холбоо далайн түвшнээс 100 км өндөрт гэж тогтоосон бол НАСА сансрын хилийг 122 км гэж үздэг. Харин Америк, Канадын сансрын нисгэгчид дэлхийн агаар мандлын салхи сансрын биетүүдэд үзүүлдэг нөлөөг судалсны дүнд 2009 онд эл хилийг 118 км гэж тодорхойлжээ. Цэнхэр гаргийн хил хязгаарыг тогтоохдоо сансрын эрчим хүчний нөлөөлөл гэх мэт чухал 12 хүчин зүйлд тулгуурласан аж.
Э.Хана
https://www.unuudur.mn/a/278365
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ