
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос өчигдөр спорт, тэр дундаа сагсан бөмбөг сонирхогчдын дунд шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ. Холбооны мөрдөх товчооны дарга Кэш Пэтел өчигдөр хийсэн хэвлэлийн хурал дээр хууль бус мөрийтэй тоглоом, бооцоо зохион байгуулж олон арван сая ам.доллар угааж, олон хүнийг хохироосон гэмт хэргийн талаар танилцуулсан байна.
Холбооны мөрдөх товчоо хэргийг илрүүлэхийн тулд удаан хугацаанд ажилласан гэдгийг дурдлаа. Мөрдлөг шалгалт, ажиллагааны дүнд хууль бус мөрийтэй тоглоом, бооцоо зохион байгуулж мөнгө угааж, луйвар хийсэн 34 хүний нэрийг зарласан байна. Ажиллагааг АНУ-ын 50 мужийн 11-т нь явуулжээ.
Уг гэмт хэрэгт мафийн бүлгийн гишүүдээс гадна Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо NBA-ын тамирчин, дасгалжуулагч холбогдсон байна. Майами Хит багийн тамирчин Терри Розьер, Портланд Трэйл Блэйзерсийн дасгалжуулагч Чонси Биллапс нар Холбооны мөрдөх товчооны мөрдөгчдийн хэдэн жилийн турш мөрдлөг шалгалт хийсэн гэмт хэрэгт буруутгагдаж байна.
Энэ жил 31 настай сагсанбөмбөгчин Розьер хууль бус бооцоо зохион байгуулсан NBA-ийн бусад таван тамирчны хамт баривчлагдсан байна. Харин 2021 оноос хойш Портланд Трэйл Блейзерс багтай ажиллаж байгаа Биллапс хууль бус мөрийтэй тоглоомын хэргээр баригдсан мафийн гишүүд, зодог тайлсан тамирчид гээд гэм буруутайд тооцогдсон 30 гаруй хүнийг нэг болжээ.
Прокуроруудын хэлж байгаагаар энэ хэрэгт Нью-Йоркод байдаг гэмт хэргийн таван том бүлэглэлийн дөрөв нь холбогдсон байна.
Гэмт хэрэгтнүүд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа харааны тусгай контакт линз, нүдний шил, тусгай төхөөрөмжөөр нэвт харагддаг ширээ зэргийг ашиглаж тусгай тэмдэглэгээтэй хөзөр, тоглогчийн мэдээллийг авч байсныг тогтоожээ.
Уг мэдэгдлийн дараа Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбоо Розьер болон Биллапс нарыг нэн даруй холбооны бүрэлдэхүүнээс гаргасан байна. Холбооны зүгээс “бид Холбооны мөрдөх товчооны мэдэгдлийг маш нухацтайгаар хүлээж авсан бөгөөд аливаа тэмцээн уралдааны үнэнч шударга байдал бидний тэргүүн зорилт байх болно” гэж мэдэгджээ.
Одоогоор Розьерын өмгөөлөгч Холбооны мөрдөх товчоо болон бусад прокуроруудын тулгаж байгаа хэрэгт ямар ч холбоо хамааралгүй гэж мэдэгдээд байна. Тэр мөрийтэй тоглоом зохион байгуулагч биш бөгөөд үүний эсрэг тэмцэхээсээ айхгүй байгаа гэжээ.
Хэрэгт холбогдон баривчлагдаад байгаа этгээдүүдийн шүүх хурал орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой эхэлжээ.





