
Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэрийг өнөөдөр хүчтэй далайн шуурга дайран өнгөрч байна. Тус улсад тэр бүр зарлаад байдаггүй аюулаас урьдчилан сэргийлэх улаан өнгийн түвшний дохиог нийслэл Уэллингтон, Кантербөри мужуудад зарлалаа. Мөн Өмнөд болон Умард арлуудад хүчтэй ширүүн бороо орж, салхины хүч цагт 100 км давна гэдгийг сэрэмжлүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар хүчтэй салхи шуурганы улмаас Шинэ Зеландын нутаг дэвсгэрт 90 мянган өрх цахилгаан эрчим хүчний үүсвэрээс салсан байна. Мөн зуу гаруй нислэгийг цуцлагджээ. Агаарын тээврээс гадна зарим чиглэлийн галт тэрэгний үйлчилгээ, авто замуудыг түр хаасан байна.
Өнөөдөр Шинэ Зеландад багш, сувилагчид болон төрийн албаны зарим салбарын хөдөлмөр эрхлэгчид ажил хаялт зарласан. Цаг агаарын нөхцөл байдал ажил хаялт зарласан хөдөлмөр эрхлэгчдийн төлөвлөгөөг өөрчилж магадгүй байна.
Боловсрол, эмнэлгийн салбарын 100 мянга орчим ажилчин өнөөдөр өглөө ажил хаялтад нэгдсэн. Тэд салбарын төсвийг нэмж, цалин тэтгэмжийг өсгөхийг шаардаж байна.
Гэтэл цаг агаарын байдлаас шалтгаалж гадаа талбайд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, иргэд оршин суугчдыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Нэн ялангуяа эргийн бүс нутагт онцгой анхааруулга өгч байна.
Шинэ Зеландаас гадна Австрали улсад мөн цаг агаарын байдал таагүй, хуурай шуургатай байна. Австралийн эрх баригчид ойн түймэр гарахаас сэрэмжилж ил гал асаахыг хоригложээ.







