Эрчим хүчний үнийн өсөлт, өндөр инфляциийн нөлөөгөөр сүүлийн үед Их Британид ажил хаялт явагдсаар байна. Их Британийн түргэн тусламжийн болон хилийн хэлтсийн ажилтнууд энэ сарын 17-ны өдөр дахин ажил хаялт хийсэн тухай тус улсын Sky News мэдээлжээ.
Мэдээлэлд тэмдэглэснээр, Англи, Умард Ирландын зарим газар нутгийн түргэн тусламжийн ажилтнууд болон өмнө нь ажил хаялтаа зогсоосон Уэльсийн түргэн тусламжийн ажилтнууд 17-ны өдрөөс ажил хаялтаа дахин эхлүүлсэн байна. Түүнчлэн бусад газрын түргэн тусламжийн ажилтнууд ирэх долоо хоногт ажил хаялтаа дахин эхлүүлэхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ, Довер боомт зэрэг хилийн хэлтсийн ажилтнууд 17-ны өдрөөс дөрвөн өдрийн ажил хаялт эхлүүлсэн бөгөөд Шотландын Данди нисэх онгоцны буудлын ажилчид мөн өдөр ажил хаялт хийжээ. Мөн Их Британийн олон их сургуулийн багш ажилтнууд ирэх долоо хоногт дахин ажил хаяна хэмээн мэдэгдсэн байна.
Өндөр инфляци болон түүнээс үүдэлтэй амьжиргааны өртгийн хямрал нь Их Британийн олон салбарын ажил хаялтад гол нөлөөлсөн гэж хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. Их Британийн Үндэсний статистикийн газраас саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 1-р сард Их Британийн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 хувиар өсч, өндөр түвшинд оршсоор байна. Их Британийн эрчим хүч, хүнсний үнэ өндөр байгаагаас болж амьдрал тааруухан гэр бүлүүд амьжиргааны хүнд байдалд орж байгааг тус орны шинжээчид онцолж байна.