http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна


“Би чадна” гэдэг уг нь их гоё үг л дээ. Урам зориг өгсөн, өөртөө итгэх итгэл нэмдэг гээд л ерөнхийдөө бол эерэг утгатай юм. Гэхдээ хэзээнээс юм мэдэхгүй, “Би чадна” гэдэг үг эсрэг утгаар ойлгогддог болсонтой бид хэдийнэ дасал болоод бүр цаашлаад бидний хамгийн болохгүй бүтэхгүйн шалтгаан болсныг хүртэл анзаарахгүй болчихож. Олон жилийн өмнөөс л “100 айл” хавьд ажил хайж сууцгаадаг, барилгын ажил хийлгэхээр санал тавьсан бүхэнд “би чаднаа” гэж том амлачихаад цагаа тулахаар халтуурдаж, бусдын ажлыг “алдаг” хүмүүсийг бид ийн нэрлэх болсон. Энэ үеэс “би чадна” гэсэн эерэг утга нь эсрэг хэлц болтлоо нийгэмд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Хамгийн хоржоонтой нь зөвхөн барилгын салбарт ч биш нийгмийн бүх салбарт энэ айхтар “би чадна” гэдэг үзэгдэл өвчин тахал мэт халдварласнаар өнөөдөр Монголын бүх л салбарт болохгүй бүтэхгүй байгаа бүхний шалтгаан “би чадна”-чууд болчихож. “Би чадна”-чуудын хамгийн хорлонтой нь хэм хэмжээгээ мэдэхгүй, хэт өндрөөр өөрийгөө үнэлэх, за тэгээд бусдын өмнө чадах мэт дүр эсгэж сүүлдээ бүр чадаад байна гэж өөртөө итгэж эхэлнэ. Энэ бүхний уршиг сүүлийн жилүүдэд өрнөж байгаа бүхнээс харагдаж байна. Товчхондоо бол мэргэжлийн байх, стандарттай байх, чаддаг юмаа хийж, чадахгүйгээ чадахгүй гэж хэлж чаддаг хүн ховордсон.
 
Мэддэгээ мэддэг хүн бол цэцэн хүн. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай” гэсэн эртний сайхан сургаал бий. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай гэдэг нь л өнөөдрийнхөөр бол “би чадна”-чуудыг хэлсэн хэрэг. Ерөөсөө бүх салбарт “би чадна”-чууд л гай болж байна.
 
Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэ цэнэ гэдэг зүйл хог дээр хаягдчихсан. Хамгийн наад захын жишээ нь манай хэвлэл мэдээллийн салбар. Сэтгүүл зүй гэдэг дуртай болгон нь микрофон бариад бусдын аманд түүнийгээ тулгаж ааг амьсгаагаа багтааж ядан асуулт асуучихаад түүндээ хариултаа ч авахгүй сагсалзахыг хэлдэггүй. Мэдээ яаж бичихээс эхлээд хүнээс ямар асуултыг асууж болох, болохгүйн хэмжээг мэддэг, алдсан ч хариуцлагаа хүлээх чадвартай байхыг бид сэтгүүл зүйн сургуульд сурч, сонин хэвлэл, телевизийн мэргэжлийн редакцаас суралцаж төлөвшиж энэ мэргэжлийг эзэмшдэг. Гэтэл өнөөдөр дуртай болгон нь хар төхөөрөмж бусдын энгэрт зүүж, төрийн ордон дотор хашгирч, орилж, толгойтой болгон нь подкаст нэртэй хэрэгтэй, хэрэггүй мааз үгээр нийгмийг сенсаациас сенсааци руу хөтөлж байна. “Би чадна”-чуудаас мэргэжлийн үнэр ч үнэртэхгүй. Уг нь сэтгүүлчийн мэргэжил үнэт зүйлтэй, ёс суртахууны хэм хэмжээтэй, дэгтэй журамтай, хариуцлагатай байхыг бүх л сургуульд заадаг. Гэхдээ зөвхөн микрофон барихыг нь хагас хугас сураад амархан гэж боддог “би чадна”-чууд манай салбарыг үнэндээ муухай харагдуулж байнаа. Үүн шиг улс төрд ч “би чадна”-чууд онцгой олноор орж ирсэн. Их хурлын гишүүн болсон инфлюнсер бүсгүй “Би боловсролын сайд хийж чадна” гэж өөртөө тун итгэлтэй ярьж байна лээ. Өөрийнх нь ямар боловсролтой нь ч тодорхой бус хүн боловролын салбарыг би удирдаад явж чаднаа гээд яриад явтал нь бид “би чадна”-чуудыг толгой дээрээ залчихаад үр дүнд нь тэднээрээ “Тэрбум төгрөг олж чаддаггүй тэнэгүүд” гээд доромжлуулаад сууж байх гэж. Инфлюнсер гэж гоё нэртэй “би чадна”-чууд дээр урлагийнхныг улайтал өөрсдийгөө од болгодог одонцорууд, эмчийн дипломгүй ч хандалтын араас хөөцөлдсөн сошиал донтнууд, өөрсдөө сэтгэлзүйн эмгэг үүсгэдэг сэтгэлзүйчид гээд уртаас урт үргэлжилнэ.
 
Хүний өмнөөс ичих хэцүү юм гэж хуучны хөгшчүүд ярьдаг байлаа. Түүн шиг өөртөө хэт итгэлтэй та нарын өмнөөс ичих үнэндээ хэцүү байдаг шүү. Гадаадад байдаг монголчуудад ч “би чадна”-чууд их гай болно.
 
Эмнэлгийн орчуулга хийлгэх, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал ярих гээд гадаадад хэл ус мэдэхгүй дөнгөж ирсэн хүмүүс бол “би чадна”-чуудын туршилтын туулай болно. АНУ-д эмнэлэгт очоод үзүүлэхдээ эмчийн яриаг бүрэн ойлгохын тулд монгол орчуулагч авах үйлчилгээ түгээмэл. Харамсалтай нь орчуулагч нар нь англиар байтугай монголоор ч олигтой ойлгочих чадваргүй, цаашаа англиар буруу асуух, эмчийн хэлснийг тэс хөндлөн орчуулах нь энүүхэнд. Маш олон хүмүүс гадаадад амьдарч байгаа монголчуудын групп дээр хохирсон тухайгаа бичдэг. Энэ бол “би чадна” гэдэг үзэл ямар хортой бөгөөд хүнийг өөрийгөө ч мэдэхгүй хэмжээнд хүргэдэг түүнийх нь горыг нийтээрээ амсаж байдгийн цөөн жишээ. Дотнын найз минь шинэ байранд орлоо. Тансаг зэрэглэлийн, чамгүй үнэтэй хотхон гэхэд дотор засал авах юмгүй, сантехникийн хоолой нь буруу холболттой, цахилгааны асуудал байнга гардаг. Инженер нь инженер нэртэй, юугаа ч мэдэхгүй "хүүхэд" гэж байгаа юм.
 
Дунд сургуулийн хүүхдээр плитаны чигжээс хийлгэх гээд явуулчихсан, өнөөх нь шороотой хутгаад өдөр болгон хэрүүлтэй суугаагаа аминчлан ярих. Ерөөсөө Монголд стандарт гэдэг юм огт хэрэгждэггүйнх. Ингээд ярихаар хэзээнээсээ бид техник сэтгэлгээ сайтай, зарим зүйлийг “монголчилж” ирсэн гэж өөрсдийгөө өмөөрөх.
 
Хуучны цагт “монголчилж” асуудлаа шийдэж, засдаг байсан байж болно. Гэхдээ өдрөөс өдөрт шинэ зүйлс бий болж, техник технологийн бүх зүйлс асар хурдтай өөрчлөгдөж байхад ингээд ч хийчих юм байна, “би чаднаа” гэдэг хэнэггүй монгол зан бидэнд, бусдад, нийт даяар гай болж байна. Ингэж явсаар эцсийн эцэст мэргэжлийн биш хүнээр удирдуулж, мэргэжлийн бус хүмүүсийг хөөргөж, мэргэжлийн бус зүйлийг хүлцэн тэвчсээр бид өөрсдөө мэргэжлийн бус “би чадна” улс боллоо.
 
 
 
Б.НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ