
Камеруны Ерөнхийлөгчийн сонгуульд Пол Бияа ялсныг тус улсын дээд шүүхээс уржигдар зарлалаа. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд 43 дахь жилдээ тус улсыг удирдахаар болсон нь энэ аж. Ингэснээр дэлхийн хамгийн “хөгшин” төрийн тэргүүн гэгдэж буй Пол Бияа 99 нас хүртлээ төрийн жолоог атгах юм. Тэрбээр нийт сонгогчийн 53.7 хувийн санал авч, ялалт байгуулсан бөгөөд гол өрсөлдөгч нь Исса Чирома байсан аж. Харин Исса Чирома “Энэ бол сонгууль бус, жүжиг” хэмээн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа зарласан юм.
Улмаар Яунде болон Дуала зэрэг хотод сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ. Энэ үеэр цагдаа нар нулимс асгаруулагч, галт зэвсэг зэргийг ашигласан бөгөөд дөрвөн иргэн амиа алдаж, 100 гаруй хүн баривчлагдсан байна. Үүнтэй холбоотойгоор Камерун даяар интернэт сүлжээ тасалдаж, мэдээлэл дамжуулахад хүндрэл үүссэнийг орон нутгийн хэвлэлүүд онцолсон юм. Пол Бияагийн биеийн байдал сүүлийн жилүүдэд огцом муудаж, олон нийтийн өмнө гарах нь эрс цөөрсөн гэнэ. Энэ удаагийн сонгуулийн үеэр ч тэрбээр зөвхөн хойд нутгийн Маруа хотод очиж, ажлын байрны хүртээмжийг нэмж, бизнесийг дэмжин, аюулгүй байдлыг хангах тухай амлалт өгсөн аж. Камерун улс нь 29 сая хүн амтай бөгөөд тэдний 60 гаруй хувь нь 25-аас доош насныхан аж. Мөн орон нутагт ядуурлын хэмжээ өндөр хэвээр байгаа нь ажилгүйдэл, боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй болохыг шинжээчид онцолж байна.







