Гуравдугаар сарын 11-нд ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, шинэ төрлийн коронавирусийн өдөөсөн өвчний тархалтыг “пандемия гэж үнэлж болно” гэсэн юм.
ЛАВЛАХ: Нэвтэрхий толь бичгүүдийнхээр, "эпидемия" гэдэг нь ямар нэгэн халдварт өвчин нутаг дэвсгэрт бусад өвчний дэгдэлтээс илүүтэй байгааг хэлдэг байна. Харин "пандемия" гэдэг тодорхойлолт нь халдварт өвчин улс орны бүх нутаг дэвсгэр ба хөрш орнуудын нутаг дэвсгэр, заримдаа дэлхийн олон орны нутаг дэвсгэрт тархахыг хэлдэг ажээ.
ДЭМБ 2005 онд Олон улсын Анагаах-ариун цэврийн журам ба шаталбарыг баталсан юм. Халдварын төвшин багатай нэг дэх үеэс эхлээд пандемийн зургаа дахь шаталбар хүртэл эпидемийн гаралт хөгжлийг тогтоожээ.
Энэ шаталбарын дагуу 2009 онд H1N1 ("гахайн томуу") вирусний үүсгэсэн өвчнийг пандемия гэж зарласан байв. Гэвч тэр нь тус байгууллагад ихээхэн шүүмжлэлийг авчирсан ба шуугианыг ашиглан олон оронд бодит шаардлагаас илүү их вакциныг худалдсан гэх шүүмжлэлийг гаргажээ.
Үүний улмаас ДЭМБ зургаан төвшний шаталбарыг хэрэглэхээ болсон юм. Эпидемийн байдал эрс хурцдахад тус байгууллага “олон улсын төвшний нийгмийн эрүүл мэндийн аюулын байдал” (Public Health Emergency of International Concern, PHEIC) гэж зарлах болжээ. Ийм нөхцөл нь “бусад улс орны эрүүлийг хамгаалахад эрсдэл болох ер бусын үйл явдал” ба “олон улсын хамтын нийгэмлэгийн зохицуулалт шаардсан ажиллагаа хэрэгтэй”. ДЭМБ нь онцгой байдлын ангиллыг бага үр дагавартай (1-р ангиллын), дундаж (2-р ангиллын) эсвэл мэдэгдэхүйц их (3-р ангиллын) гэж хуваах болсон байна. Олон улсын төвшний ямар байдлын ангиллыг зарлахад хичнээн улс оронд өвчин бүртгэгдэх вэ гэсэн багцаа энд байхгүй. Учир байдлаас нь хамааран шийдвэрийг зөвхөн удирдах байгууллага нь тухайн цаг үедээ гаргаж байх юм.
XXI зуунд 2009-2010 онуудын гахайн томууг л пандемия гэж зарласан ба тэр үед халдварт вирус дэлхийн 214 оронд гарч дэлхийн хүн амын 30 хувь амьдарч байсан нутагт тархсан юм. 2012 онд эрдэмтэд, шинжээчид энэ өвчний улмаас 284,5 мянга орчим хүн амиа алдсан гэж тооцоолсон байлаа. Лобараторийн модулийн аргаар гаргасан энэ тоо нь ДЭМБ-ын 18,4 мянган хүн амь үрэгдсэн гэх бүртгэлээс 15 дахин их байжээ.
ДЭМБ 2009 оноос хойш таван удаа олон улсын хэмжээний онц байдлыг зарласан байдаг. 2014 онд саа өвчин ба Эбола вирусийн улмаас, 2016 ба 2018 онд Зика вирусны улмаас, 2020 оны нэгдүгээр сарын 30-нд COVID-19 вирустай холбоотойгоор тус тус онц байдал зарлагджээ.
Коронавирус дэлхийг сүйрүүлж байна уу? Үнэн хэрэгтээ тийм гэж үү?
Коронавирустай бид эртнээс танил гэдгээс эхэлье. Вирусийг 1960 онд нээжээ. Тэр цагаас коронавирус нь амьсгалын замын хурц өвчнийг хүн ба амьтанд үүсгэдэг, гэхдээ тэр аюултай халдварт өвчний тоонд орж ирсэнгүй. Өнөөдрийн байдлаар коронавирусийн 40 орчим төрөл танигдсан ба тэр вирусууд хүн, муур, шувууд, бод мал, гахай, зэрлэг амьтдад халдвар тараадаг. Халдвар авсан бүгд өвчилдөггүй, тэд зүгээр л вирус тээгч байж болох ажээ.
Хүний хувьд коронавирусүүд ердийн “грипп” маягаар өвчлүүлдэг. Гастроэнтерит буюу “гэдэсний” гэж олон түмэн нэрлэх ханиад хүрсэн гээд коронавирусаар өвчилснөө мэдэхгүй өнгөрөх тохиолдол байж болох юм.
Өнөөдрийг хүртэл хүнд үхэл авчирсан коронавирусийн SARS-Cov ба MERS-Cov гэсэн хоёр төрөл л тодорхой болсон байв. SARS-Cov 2003 онд 33 оронд эпидемия өдөөсөн ба 7761 хүн өвчилж, 628 үхлийн тохиолдол бүртгэгдэж байлаа. MERS-Cov 2012 онд 43 хувийн үхэлтэй дэгдэлтийг Ойрхи Дорнодод өдөөсөн байв. Харин одоо... мэдээлэл хангалтай их. Өмнөх жилүүдийнх шиг энэ удаа коронавирус дахиад л амьтнаас хүнд халдлаа.
Вирусийг “амьтнаас” халдсан гэдэг нь одоо шинэ сонин зүйл биш. Томууний бүх вирус хүн төрлөхтөнд шувуунаас тараагджээ. Коклюш гэх хөхүүл ханиадыг бид гахайнаас, улаан бурхныг малнаас, тэмээнээс салхин цэцгийг авчээ. Өнөөдөр амьтнаас хүнд халдварладаг олон өвчин мэдэгдсэн байгаа. Жишээлбэл, Венесуэлийн адууны энцефаломиелит гэх халдвар адуунаас үүдэлтэй ба хүндээр тусч өнгөрдөг ч үхлийн төвшин нь бага, 0,5 хувь юм.
Гэхдээ энд нэгэн хууль үйлчилдэг. Амьтнаас ирсэн вируснууд хүний өөрийнх нь вирусаас илүүтэйгээр хүнд өвчлүүлдэг ажээ. Шинэ вирус нь хүнд, хүн нь түүнд зохицоогүйд л шалтгаан нь байдаг байх.
Бид вирусний ертөнцөд амьдарч байна гэдгээ тодорхой ойлгох хэрэгтэй болов уу. Вирусний төрлүүд маш олон, тэд байнга хувирч өөрчлөгдөж байдаг. Үржиж, хөгжиж ургамал, амьтан, хорхой шавьж, хүнийг шимэн амьдарч байна. Сансрын хөлгийн гадарга дээр хүртэл амьдрах чадвартай. Ус, хөлсний талаар яриад ч яахав..
Гэхдээ тэд өвчин өдөөж ч магадгүй, өдөөхгүй байж ч магадгүй. Нэг үгээр бол одоо болж байгаад гайхах зүйл огт үгүй. Болдог юм болдгоороо л өнгөрч байх шиг. Хүндхэн л тусч байна, ярих юмгүй.
М.Цогт
Эх сурвалж: inews.mn