“Түмэн тэмээний баяр-2025”-ыг Өмнөговь аймгийн Даланзадгад сумд энэ сарын 1-3-нд 26 дахь жилдээ зохион байгуулж байна. Өмнөх жилийн баярт дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин оролцжээ. Тус арга хэмжээний үеэр “Тэмээчид дуулж байна” уралдаан зохион байгуулж, “Тэмээн сүргийн говь”, “Флоренцийн дэг сургууль” уран зургийн үзэсгэлэн дэлгэжээ. Морь барианы талбайд ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүн, үндэсний хувцас, бэлэг дурсгалын “Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа явуулж буй гэнэ. Мөн хурдан тайлаг, тором, атны уралдаан зохион байгуулахаас гадна тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ, буурыг ч шалгаруулах аж.
Говийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг болох тус баяр нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой. Тус арга хэмжээг тогтвортой тэлснээр 2016 онд хурдан тэмээний уралдааныг зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулан, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй. Ташрамд дурдахад, дэлхий дээр хоёр төрлийн тэмээ байдгаас хоёр бөхт нь ердөө 10 хувийг эзэлдэг.