
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Өмнөд Суданы Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна.
Тухайлбал, өнгөрсөн сарын 14-нөөс эхлэн тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас хойш нийт 1400 гаруй иргэн хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг монгол цэргүүд шуурхай хүлээн авч, хамгаалалтад авчээ.

Энгийн иргэдийг хамгаалах ажиллагааны хүрээнд цэргийн багийн зүгээс эмнэлгийн майхан төхөөрөмжлөн анхан шатны тусламжийн цэг байгуулж, шархадсан иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, шаардлагатай иргэдийг бусдаас тусгаарласан аж.

Түүнчлэн хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.







