
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна.
Тус сургуулийн барилга угсралтын ажлыг “Гурванбулаг Сод” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлыг эрчимжүүлж арван нэгдүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр үүрэг болголоо.
Түүнчлэн сургуулийг улсын комисст хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангахыг холбогдох инженерүүд болон гүйцэтгэгч компанид уламжлав.
Мөн багш, сурагчдын сургалтын орчныг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд 170 гаруй сургуульд ногоон байгууламжийн төсөл хэрэгжиж байна.
Тус сургуулийг ашиглалтад орсны дараа уг төсөлд хамруулан, Хан-Уул дүүргийн жишиг сургууль болгохоор төлөвлөж буйг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр дурдлаа.
Энэхүү сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах боломж бүрдэх юм.







