
“Сахил хүртээд шал дордов” гэгчээр ард түмний төлөөллийн эрхийг хангана, олон намын тогтолцоотой болсноор нэг намын дарангуйллаас гарна, парламентын нэр хүнд өснө хэмээж холимог тогтолцоог оруулж ирсэн парламент сэхэл авахаасаа нэгэнт өнгөрч шившгийн хөндийдөө гацлаа. Намын даргын үзэмжээр оруулж ирдэг жагсаалт гэгч нь чухамдаа улс орны нийтлэг эрх ашгийн төлөөх том төслүүдийг хөдөлгөгч хүч бус томилсон эзэндээ хэлбэрлэлтгүй үйлчилдэг эрх ашгийн цулбуур болж, том сургууль төгссөн гэгдэх хэсэг бүлэг нь хулгай луйвар, хуудуутай үйлдлээ хайцаалахын төлөө Монгол төрийн үйл ажиллагааг тасралтгүй долоо хоног гацаалаа. Хуульзүйн сайдыг л томилох гэж гурав хонож буй тэднээс алсдаа ард түмний эрх ашгийг хамгаалах бодлого, шийдвэр гарна гэж хүлээгээд ч нэмэргүй болжээ. Намрын хадлан тэжээл эхэлчихсэн, шатахууны нөөцийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй, хамгийн гол нь ард түмний амь амжиргаа, цалин, тэтгэвэр, улс орны эрчим хүч, утаа униарт чухал нөлөөтэй 2026 оны төсвийн төслийн тодотгол, 2027 оны төсвөө хэлэлцэх ийм чухал мөчид “Манай ангийн охиноос уучлалт гуйхгүй бол хуралдаа суухгүй” гэдэг мэл гайхаж, цэл хөхрөх эмгэнэлтэй, инээдэмтэй тайлбар хэлж байгаа тэднийг эрүүл ухаантай, энэ улсын төлөө тангараг өргөсөн улстөрч гэж хэлэхэд ч хэцүүг харууллаа. Хэлэх ч үг олдохгүй болно гэдэг энэ байх. УИХ-ын гишүүд гэдэг төрд тангараг өргөж, түмэн олныхоо төлөө ажиллана гэж тангараг өргөсөн нас биед хүрсэн, намтар түүхээ зузаалсан, хал үзэж, халуун чулуу долоосон зангарагтай түшээд байх атал найм, есдүгээр ангийн хүүхдээс ч долоон дор “манай ангийн охин гомдчихлоо” гэсэн “эргүү” улс төр хийдэг жижигхэн хүмүүс байна гэж хэн санах вэ. Тийм улс төр хийтлээ доройтсон гэхээр тэднээс юу хүлээх вэ, бид. Ард түмний төсвөөс чухал ангийн охины нэр хүндийг чухалчилдаг ийм давжаа сэтгэхүйтэй парламент тарсан ч яах вэ гэдэг ард түмний эсэргүүцэл илүү үнэнд ойрхон дуулдаж байгааг нуух юун.
Эрх баригч намын талцал хуваагдал 30/38 гэдгээрээ нэгэнт тодорхой болж, эрх ашиг чухал уу, энэ улсын хувь заяа чухал уу гэх эгзэгтэй мөчид хэн нь хэн бэ гэдгээ ард түмэндээ хангалттай нотлон харуулчихлаа.
УИХ-ын гишүүд гэдэг томилсон ард түмнийхээ төсөв, санхүүг бус тойрогт бус жагсаалтад багтааж өгсөн Л.Оюун-Эрдэнэ ба түүний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэгч хүмүүс гэдгээ л “Амгаа сайд манай ангийн охиныг уурлуулчихсан” гэх марзан үгээрээ дахин, дахин нотлов. Ийм парламентаас юу хүлээх вэ, та минь ээ. Ийм хүмүүсээс шинэчлэл, өөрчлөлт хүлээх нь ер нь эрүүл үзэгдэл мөн үү. Аргаа барсандаа ард түмэн нь төв талбайд гарч, “УИХ тарцгаа” хэмээн жагсаж, ард түмний төлөө бус Л.Оюун-Эрдэнэ ба тэдний нөхдийн эрх ашгийг гүйцэлдүүлэхээр хурал гацаагсдаас цалин, тэтгэврээ нэхээд сууж байна. Гунигтайяа.
Холимог тогтолцоо ер нь хэрэгтэй юм уу, сахил хүртээд шал дордсон 126 төлөөлөл энэ парламентад байх ёстой юм уу гэдгээ эргэж нэг хэлэлцэхгүй бол дараагийн Баярбаатар, Ариунзаяа, Болормаа, Баасанжаргал, Оюун-Эрдэнүүд энэ төр улсыг хэдий болтол самрахыг тааж мэдэшгүй нь ээ.
Шившгийн хөндийгөө 126-уулаа болоод ч туулж барахгүй үүрд гацлаа. Сөрөг хүчин хэмээж 42 суудал авсан Ардчилсан намынхаа хийж буй улс төрийг харцгаая. Намынх нь дарга сэтгүүлчийн бичсэн постыг улстөржүүлэх хүртлээ “давжаарсан” байна. Манай ангийн охин шиг гэдэг улс төрөөс нэг их ялгарах зүйл алга. Нэг байр сууриндаа нэлээд хэд эргэдэг, тэргүүлж байгаа намаа ТЭСО шигээ завхруулсан жижигхэн сэтгэхүйтэй улстөрчдөө намаа, бүлгээ даатгачихаад сууцгааж байна. Эр зориг, эрэмгий халуун улс төр, эрслэн босож эрүүл ухаанаар улс төр хийдэг эр зоригтнууд, алтан хараацай нар АН-ыг нэгэнт орхин оджээ. Эсрэгээрээ даргын өмнөөс үг хэлчихвэл далавчаа хугалуулдаг болжморууд, давжаарсан улс төрийг алаад байна гэж сэтгэдэг аялдан дагагч хэсэг бүлэг л Одонгийн хүүгийн олсонд боомилуулж, сөгдөж мөргөөд нам болж тоглох болов. Аргаа барсан эрүүл саруул ухаантай ганц нэгхэн улстөрч, намын эгэл жирийн гишүүд нь намынхаа эв нэгдлийн төлөө энэ хүнийг явуулъя, эргэж нэг намаа хараач хэмээн бичиж эхэлснийг сошиалд жаахан идэвхтэй иргэн бүхэн олж харсан байх шүү. Тэдний улс төрийн нүүдэл жирэмсэн эмийн шээх газраас ч холдохгүй байхад ард түмэн ер нь хэнд итгэж, хэнийг түшиж энэ улсаа даатгахаа мэдэхгүй, хий дэмий л сошиалд бухимдлаа гаргаж, хэсэг бүлэг нь төв талбайд жагсаж, тэмцэж байгаа юм.
Улстөржүүлж харах нэгэн байхад улстөрчдөөсөө юу ч хүлээгээд нэмэргүй гэдгийг ойлгосон ард түмний дийлэнх олонхи нь органикаараа дэмжиж байгааг сэтгүүлчийн посттой зууралдаж буй сөрөг намын дарга тэргүүтэн, ангийн охины нэр хүндээ ард түмний төсөв, мөнгөнөөс дээгүүр тавьсан Баярбаатар, Оюун-Эрдэнэ тэргүүтэн олж уншдаг гэж найдъя.
Тавын таван жил энэ улсыг тэргүүлэхдээ Гүйцэтгэх засаглалаа хамгийн хаалттай болгож, Монголын парламентын нэр хүндийг шалаар болгосон тэд хоёрдугаар хөзрөө дэлгэж, ард түмнийхээ эрх ашиг, цалин тэтгэврийн эсрэг бүлэглэл, фракциараа томхон саад тотгор боллоо. Тээг нь гэвэл хатуудахгүй үнэн. Ард түмэн баялагтаа эзэн суух Оюутолгойн ногдол ашиг, ТӨК-иудын үр ашигтай байдлыг авчрах бүлэглэлийн эсрэг тэмцэл зэрэг пиар нь начир дээрээ жүжиг байсныг улдан гацааж, урагш явуулахгүй гэж бүх хүчээрээ дайрч буй улайрсан үйлдлээс нь илхэн болов. Цаг хугацаа гэдэг хэн нь хэн байсныг харуулдаг ажээ. Цаашдаа ийм хүмүүсээс хөгжил хүлээгээд ч хэрэггүй гэдэг нь нэгэнт тодорхой боллоо. Одоо хэрхэх бэ.
Б.Балжир







