
Жил бүрийн өдийд нийслэл болон орон нутгийн хэмжээнд малын хулгай эрс нэмэгддэг. Учир нь хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдүүд малчдын жилийн дөрвөн улиралд зүтгэж өсгөсөн мал руу халдах нь олон гарч байна. Тухайлбал, Налайх болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр бусдын 55 тооны бод малыг хулгайлсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн, баривчилсан байна. Шалгалтын явцад 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн, мал бэлчээрт байх үед нь хулгайлж, улмаар мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогджээ.
Одоогийн байдлаар хохирогчдыг тогтоох болон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд малчид малаа тогтмол хариулгатай байлгаж, удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн малынхаа им, тамга, зүс, нас, хүйс зэрэг онцлог шинжийг бүртгэж, зурагжуулах нь хулгайд алдсан тохиолдолд эрэн сурвалжлах, өөрийн малыг танихад чухал ач холбогдолтой. Мөн мал худалдах, шилжүүлэх, тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ болон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
Сэжигтэй хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ажиглагдах, эсвэл мал хулгайлах гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102 дугаарт мэдэгдэхийг зөвлөж байна.
Сануулахад, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар бусдын малыг хулгайлсан тохиолдолд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл хорих ял шийтгэхээр заасан. Харин хүндрүүлэх нөхцөлтэйгөөр үйлдсэн бол 2-8 жил, малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, эсвэл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.







