
Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг хуурамч диплом болон тендерийн асуудалд нэр холбогдсон гэх шалтгаанаар огцруулахаар болжээ. Тодруулбал, аймгийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр /2026.11.04/ болж, Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг 22 төлөөлөгч дэмжиж, уг асуудлыг Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна. Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг ИТХ дахь АН-ын бүлгээс оруулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талынхан Б.Цэндсүрэн тэргүүтэй АН-ынхантай нийлж олонхоороо санал нэгдсэн байна. Тухайлбал, ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 нь Засаг дарга Э.Насанбатыг огцруулах асуудлыг дэмжжээ. ИТХ-ын хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учралд уламжлах бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал сонсох ажиллагаа явуулж, ИТХ-ын шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзвэл Э.Насанбатыг чөлөөллөх, нийцээгүй гэж үзвэл ИТХ-ын тогтоол хүчингүй болох юм.
Засаг дарга Э.Насанбатын хувьд энэ талаар тайлбар мэдээлэл өгөхдөө "Би арван жилийн Хоёрдугаар дунд сургуулийг 1990 онд төгссөн. Намайг их сургууль төгсөлгүй хуурамч дипломаар өндөр албан тушаалд очсон гэдэг мэдээлэл сүүлийн үед цацагдаж байна. Би Улаанбаатар хотын Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн анхны төгсөгч юм. Би энэ сургуулийг 1998-2002 он хүртэл суралцаж, төгссөн. Өнөөдөр надтай хамт энэ сургуулийг төгссөн төгсөгчид, багш нар бүгд ажиллаж, амьдарч байна. Надад хичээл заасан байсан н.Баярмаа гэж багш энэ сургуулийн захирлаар нь ажиллаж байгаа юм билээ. Би өнөөдөр хуурамч дипломоор ажилд орсон бол тухайн үед надтай хамт сургууль төгссөн 40 гаруй төгсөгч байна. Тэр үед Баян-Өлгий аймгаас хүмүүс суралцаж байсан.
Надад их сургуульд суралцаж, төгссөн бүх зураг, баримт байгаа. Хүнийг яагаад ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Миний төгссөн их сургууль 26 жил Увс аймагт үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ сургуулийг төгссөн бүх төгсөгч хуурамч дипломтой төгсөж байна гэсэн үг үү. Энэ асуудалд Э.Насанбат буруутай юу, хуурамч диплом өгсөн их сургууль нь буруутай юу. Энэ асуудлын зөв бурууг тогтоодог хуулийн байгууллага гэж бий. Би Засаг даргаар томилогдохдоо 2026 оны хоёрдугаар сарын 12-нд АТГ-т хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгийг гаргаж өгсөн. Тэнд Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн гэдгээ мэдээлсэн. Тэр үед Хөдөлмөрийн дээд сургуульд хандаж, "Төгсөгчдийн мэдээлэл Боловсролын ерөнхий газрын цахим бүртгэлд ороогүй байгаа юм бэ. Хуурамч диплом ашигласан гэж сэтгүүлч сурвалжлага бэлтгэж байна. Өнөөдөр миний нэр төрд халдсан мэдээлэл цацагдаж байна" гэсэн. Үүний дагуу Хөдөлмөрийн дээд сургуулиас "2026 оны аравдугаар сарын 2-нд сургууль төгссөн гэдэг тодорхойлолтыг гаргаж өгсөн. Би энэ асуудлаар Хөдөлмөрийн дээд сургуульд гомдол гаргаж, хуулийн байгууллагад хандана. Би төлбөрөө төлж энэ сургуулийг төгссөн хүн. Намайг гэрчлэх хүн олон байгаа. Төгсөгчдийн ихэнх нь Увс аймагт ажиллаж, амьдарч байна" гэсэн юм.


Э.Насанбатыг 2026 оны хоёрдугаар сард Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргаар томилж байсан юм. Тэрбээр 1980-1990 онд Улаангом сумын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийн 10-р ангийг төгсөж бүрэн дунд боловсрол, 1999 -2002 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж, дээд боловсрол, 2007-2009 онд Технологийн сургуулийг автозамын барилгын инженерийн бакалаврын зэрэг эзэмшиж, 2010-201 онд ХУИС-д эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй хамгаалсан.
Тэрбээр 1992-1998 онд Увс аймгийн “Дэглий цагаан” ХХК-ны ерөнхий ня-бо, 1998-2003 онд Увс аймгийн Татварын хэлтэст эдийн засагч, 2003-2008 онд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын СТСХ-ийн мэргэжилтэн, 2008-2016 онд Увс аймгийн “Мөнхжин өргөө” ХХК-ны захирал, 2016-2020 онд Увс аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан. Мөн 2012-2016, 2016-2020 онуудад Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон байна. Харин 2003 оноос Увс аймгийн МАН-ын хорооны гишүүн, 2014 оноос Увс аймгийн намын хорооны дэд дарга, 2012-2016 онд аймгийн ИТХ-ын байгал орчин, экологийн тэнцвэрт байдлын хорооны дарга зэрэг сонгуульт ажил эрхэлж байжээ.
Увс аймгийн МАН-ынхан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар нарын франкцаас бүрддэг боловч түнжин хагараад удаж буй. Тийм ч учраас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талын П.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид АН-ынхантай нийлж аймгийн Засаг даргаа жил хүрэхгүй хугацаанд албан тушаалаас нь буулгах оролдлого хийж байна. Цаашлаад Засаг даргын суудалд өөрсдөө суух санаархал агуулаад буй. Увс аймгийн МАН-ын хорооныхоны хагарал даамжирвал Увс аймгийн АН-ын төлөөлөгчид Засаг даргын суудлаа ч алдах эрсдэл ойрхон байна.
https://news.mn/r/2897360/









