
КУПЕРТИНО, 2026 оны гуравдугаар сарын 3 /Kazinform/. "Apple" компани "iPhone 17" ухаалаг гар утасныхаа харьцангуй хямд үнэтэй "iPhone 17e" загварыг танилцууллаа. Шинэ загвар нь илүү хурдан процессор, сайжруулсан камерын систем, багтаамж ихтэй санах ой зэргээрээ онцлог бөгөөд 599 ам.доллароос эхлэн худалдаалагдана.
Шинэ загварт дэвшилтэт 3 нанометрийн технологиор бүтээсэн "A19" чипийг суурилуулсан нь өдөр тутмын үйлдлүүд болон тоглоом, хиймэл оюуны функцүүдийн гүйцэтгэлийг үлэмж нэмэгдүүлсэн гэдгийг Apple компани онцолжээ.
Түүнчлэн өөрсдийн зохион бүтээсэн "C1X" модемыг уг утсанд суурилуулсан нь өмнөх үеийн загвараасаа хоёр дахин хурдан холболттой болсон байна. Дэлгэцийн хувьд 6.1 инчийн "Super Retina XDR OLED" дэлгэцтэй ба "Ceramic Shield 2" технологийн тусламжтайгаар дэлгэцийн зурагдалтад тэсвэртэй байдал өмнөх үеийнхээс гурван дахин сайжирсны зэрэгцээ гэрлийн тусгалыг бууруулдаг байна. Их биеийг нисэх онгоц үйлдвэрлэхэд ашигладаг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд IP68 стандартын усны ба тоосны хамгаалалттай.
Шинэ загварт 48 мегапикселийн "Fusion" камер суурилуулсан бөгөөд секундэд 60 хүртэл кадрын хурдтайгаар 4K Dolby Vision форматаар дүрс бичлэг хийх боломжтой.
Мөн 2 дахин ойртуулах (telephoto) функцийг дэмждэг бөгөөд хөрөг зураг авах үед хүмүүс болон тэжээвэр амьтныг автоматаар таньж, зураг авсны дараа фокусыг тохируулах боломжтой болжээ. Мөн "MagSafe" соронзон технологи болон 15Вт-ын утасгүй цэнэглэгч дэмжихээс гадна USB-C оролтоор 30 минутын дотор 50 хувь хүртэл хурдан цэнэглэх боломжтой.
Шинэ iPhone 17e нь хар, цагаан, цайвар ягаан өнгөний сонголттойгоор худалдаанд гарна. Урьдчилсан захиалга гуравдугаар сарын 4-нөөс дэлхийн 70 гаруй оронд эхлэх бөгөөд гуравдугаар сарын 11-нээс албан ёсоор борлуулж эхэлнэ. Санах ойн багтаамжийн хувьд 256ГБ болон 512ГБ гэсэн сонголттой.
Apple компани мөн M4 чиптэй шинэ iPad Air-ыг танилцууллаа. Шинэ таблет нь өмнөх загвараас 30 хувь, харин M1 чиптэй загвараас 2.3 дахин хурдан гүйцэтгэлтэй болсон байна. 11 болон 13 инчийн хэмжээтэй уг төхөөрөмж нь Apple Pencil Pro болон Magic Keyboard зэрэг нэмэлт хэрэгслүүдийг дэмждэг. iPad Air-ын урьдчилсан захиалга мөн гуравдугаар сарын 4-нд эхэлж, 11-ний өдрөөс худалдаанд гарах бөгөөд 11 инчийн загвар нь 599 ам.доллар, 13 инчийнх нь 799 ам.долларын үнэтэй ажээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг







