Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтий аймагт 904.6 мянга, Архангай аймагт 692 мянган мал хорогджээ. Мөн Дорноговь аймагт 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогдоод байгаа нь малын хорогдол хамгийн өндөр байгаа аймгуудын тоонд багтаж байгаа юм.
Өмнө нь Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэхдээ, УОК-ын хуралдаанаар малын сэг зэм устгах ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 1-н гэхэд дуусгахыг даалгасан хэдий ч зарим аймгуудад одоог хүртэл бүрэн устгал хийгдээгүй байна.
Бид энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас тодруулахад, "Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл тэмээ 4150 толгой, адуу 406485 толгой, үхэр 653448 толгой, хонь 3982208 толгой, ямаа 2351438 толгой нийт 7,456,475 толгой мал хорогдсон.
Үүнээс устгалд тэмээ 3141 толгой, адуу 391738 толгой, үхэр 625369 толгой, хонь 3793146 толгой, ямаа 2280237 толгой буюу нийт 7,101,182 толгой мал булшилж устгасан байна. Сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн" гэлээ.