Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Энэ жил 100 жилийн ой нь тохиож буй 5 сумын баяр наадмын тов гарлаа



Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар энэ жил 100 жилийн ой нь тохиож буй таван сумын түүхэн тэгш ойгоо тэмдэглэх баяр наадмыг 7 дугаар сарын 19-27-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Тодруулбал, Монголын тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын түүхт 102 жил, Үндэсний их баяр наадам, Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг Эрдэнэдалай суманд 7 дугаар сарын 19-20, Дэлгэрцогт суманд 20-21, Хулд суманд 22-23, Дэлгэрхангай суманд 24-25, Сайхан-Овоо суманд 26-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оны “Монголд зочлох жил” болгон зарласан. Жуулчдын хувьд Монголын үндэсний их баяр наадмыг үзэх, өв соёлтой танилцах, монгол зан заншил, ёс уламжлалыг харах сонирхолтой байдаг. Харин түүхэн тэгш ой нь тохиож буй сумын хувьд баяр наадмаа илүү өргөн дэлгэр тэмдэглэдэг тул гадаад, дотоодын жуулчдад сумын наадмыг үзэж сонирхох таатай боломж юм. Тиймээс тэгш ойгоо тэмдэглэх таван сумын мэдээллийг хүргэж байна.
Эрдэнэдалай сум:Түшээт хан аймгийн Говь түшээт вангийн хошуу нутгийн төв хэсэг болох Дундговь аймгийн Эрдэнэдалай сумыг 1923 оны 06 дугаар сард Өвөр-угтаал хэмээх газар байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 7 багтай. Тус сумын төв Сангийндалай нь Улаанбаатар хотоос 275, Мандалговь хотоос баруун тийш 114 км зайд оршдог. Тус сум аймагтаа хүн амын тоогоор хоёр, малын тоогоор нэгдүгээрт ордог сум юм.

Дэлгэрцогт сум:1923 онд Монгол Улсын Засгийн газрын “Засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх тухай” гаргасан тогтоолын дагуу Богдхан уулын аймгийн Засаг дарга, бээс Мөнх-очирын хошуу гэж байсныг Богдхан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу болгон өөрчилснөөр одоогийн Дэлгэрцогт сумыг байгуулжээ.
Тус сум  249,3 мянган га газар нутагтай, Улаанбаатар, Мандалговь хотын зам дагуу байрладаг. 176,3 мянган толгой малтай, 1650  хүн амтай. Засаг захиргааны нэгжийн хувьд 3 багтай юм. Тус сумын нутагт хол, ойрын зочдын сонирхлыг ихээхэн татдаг байгалийн үзэсгэлэнт газар “Бага газрын чулуу”-ны уул, говийн ганц бүрд гэгдэх түүх соёлын үнэт өвийн дурсгал болсон Сүм хөх бүрд, энэхүү үзэсгэлэнт бүрдийн дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед барьсан чулуун цайзын туурь байдаг нь онцлогтой.

Хулд сум:Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр нь 1920-иод оныг хүртэл Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу болон Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуунд харьяалагдаж байгаад 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Засгийн газраас Орон нутгийн засаг захиргааны нэгжийг шинэчлэн зохион байгуулахад Хулд сумыг Дэлгэрхангай уулын хошуунаас салбарлан, 1923 оны хавар байгуулжээ.
1931 оноос Өмнөговь аймаг байгуулахад түүнд харьяалагдаж байгаад 1942 онд Дундговь аймаг байгуулахад тус аймагт харьяалагдах болжээ.
Олдох, Уул, Бүлээн, Шувуутай 4 багтай. 2400 гаруй хүн амтай, 273,0 мянган малтай. Улаанбаатар хотоос 343 км, аймгийн төвөөс 83 км-т Улаанбаатар, Даланзадгадын зам дагуу байрладаг.
Жуулчдын очих дуртай байгалийн үзэсгэлэнт газар “Цагаан суварга” тус сумын төвөөс 70 орчим км-т байрладаг.

Дэлгэрхангай сум:1923 онд Монгол улсын Засаг захиргааны шинэ хуваарилалтаар Дэлгэрхангай уулын хошууг 13 сумтайгаар шинэчлэн байгуулжээ.
1931 онд ”Дэлгэрхангай уулын хошуу”-ны төв дээр Өмнөговь аймгийн тулгын чулууг тавихад Дэлгэрхангай сум бусад сумдын хамт Өмнөговь аймгийн харьяанд орж, улмаар 1942 онд Дундговь аймаг байгуулагдахад тус аймгийн нэг сум болсон түүхтэй.
Тус сумын төв Дэлгэрхангай уулын ард Хашаат хэмээх газар байрладаг ба Улаанбаатар хотоос урагш 378 км, Дундговь аймгийн төвөөс баруун урагш 135 км-т оршдог. 620,000 мянган км.кв газар нутаг дэвсгэртэй, 2336 хүн амтай, 185,8 толгой малтай.

Сайхан-Овоо сум:Сайхан–Овоо сум 1923 онд байгуулагдаж, 1931 онд одоогийн байгаа Онги голын зүүн эрэг “Хадан хошуу”-ны энгэрийн тэгш дэнжийг сонгон төвхнөжээ.
Улаанбаатар хотоос 400 км, Дундговь аймгийн төвөөс 210 км зайд оршдог, аймагтаа хамгийн алслагдсан сум юм. 2135 хүн амтай, 182,5 мянган толгой малтай.
Тус сумын хувьд говьд урсдаг ганц голын эрэг дээр байрладаг, аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Сайхан-Овоо сумаас зүүн урагшаа 18 км-т жуулчдын очих дуртай, байрлалын хувьд тун өвөрмөц, сонин тогтоцтой нутагт байрлах түүхийн чухал дурсгал “Онгийн хийд” байдаг.  
Онгийн хийдийн цогцолбор дурсгал болох Онгийн гол, Хошуу хурлын хийд, Шаазан хотын туурь, Сэнжит хад нь Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэгээр нэрлэгдсэн байдаг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ