Засгийн газраас Улсын их баяр наадмыг нийслэл хотод цахимаар зохион байгуулж, халдвар буурсан үед орон нутагт 7 дугаар сарын 20-ноос хойш зохион байгуулах шийдвэр гаргаад байгаа юм.
Тэгвэл зарим орон нутгийнхан Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж эхэлжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй гэж шийдвэрлэжээ. Харин Баяр наадамд төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ хандаж “Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ. Энэ жилдээ бид ковидгүй хичээл, сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой” гэжээ.
Эх сурвалж: shuurhai.mn