Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах ажлыг сумдад шат дараатай зохион байгуулж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа тэргүүтэй ажлын баг 2022 оны есдүгээр сарын 6-нд Ховд аймгийн Мянгад суманд ажиллалаа. Энэ үеэр Мянгад сумын Засаг дарга М.Баатар болон сумын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалал, хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн гишүүдтэй уулзав.
Улмаар сумын хүн ам, нийгмийн хамгаалал, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, кейс шийдвэрлэлт, санхүүжилт, төрийн албан хаагч, нийгмийн бодлогын түшмэлийн ажлын ачаалал, цалингийн шатлал, боловсон хүчний хомсдол, хүний нөөцийн асуудал, судалгаа хийх арга зүй, бүх нийтийн соёлын боловсрол, соён гэгээрүүлэх, соёл урлагаар дамжуулан хүүхдийг нийгэмшүүлэх арга зам, малчдын залгамж, хүүхэд хамгаалал гээд олон талт асуудлаар санал бодлоо солилцлоо.
Мөн сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр, номын сан, соёлын төв зэрэг гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудлаар ажиллаж буй салбар байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв. Үүнээс онцлоход, цаашид хүүхдэд аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд сургуулийн гаднах зам талбайн тохижилт сайжруулах, камержуулалт нэмж хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслах “дэмжлэгийн баг” ажиллуулах, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгаалалтай холбогдуулан эцэг эхийн зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, дотуур байрны жижүүрийн дэвтрийг шинэчилж, хөтлөлтийг оновчтой болгох шаардлгатай гэж албаныхан хэллээ.
Үүний зэрэгцээ Мянгад сумын Хамтарсан баг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн, сурагч, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарт “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд сургалт хийсэн юм.
Сурагчдыг тээвэрлэж буй жолоочтой хариуцлагын гэрээ байгуулдаг
Ховд аймгийн Мянгад сум 3765 хүн амтай. Үүний 1566 буюу 41.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг сайжруулахад олон талын оролцоо чухал бөгөөд Мянгад сумынхан “Хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй сум” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Тус сумын зарим сайн туршлагаас дурьдвал, нэг байгууллагад гэр бүлийн хоёр гишүүн хамт ажиллаж байгаа бол шаардлагатай тохиолдолд нэгэнд нь цалинтай чөлөө олгодог, сурагчдын хичээлийн амралт эхлэхэд гэр лүү нь тээвэрлэж буй жолооч нартай хүүхдийн аюулгүй байдлыг хангах хариуцлагын гэрээ байгуулдаг аж. Ховд аймгийн Мянгад сумын О.Мягмардаваа эрхлэгчтэй цэцэрлэгийн "Хүүхэд хамгааллын баг"-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамран сургах тойргийн хүүхэд 398. Үүнээс цэцэрлэгийн 6 бүлэгт 151, хувилбарт сургалтаар 102 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, нийт 22 багш, ажилтан ажиллаж байна. Цэцэрлэгийн барилга 2019 онд ашиглалтад орсон гэж танилцууллаа.
Мөн Мянгад сумын ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрны хоолны үйлчилгээ хэвийн явж байгаа бөгөөд багш, ажилтнуудын зүгээс хоол, хүнсний материал авах санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр төрийн дээд шатны байгууллагууд анхаарч ажиллахыг хүслээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын нэрэмжит “Улсын тэргүүний сургууль” болох Мянгад сумын ерөнхий боловсролын сургууль нь 20 бүлэгтэй, 466 суралцагчтай. Дотуур байранд 96 хүүхэдтэй. Дүйцэх хөтөлбөрийн 7 бүлэгт 33 суралцагчтай, 30 багш, 26 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна гэж тус сургуулийн захирал, Хүүхэд хамгааллын багийн ахлагч Ж.Янжинлхам танилцууллаа.
Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийг чадавхжуулах сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаа ийнхүү Мянгад суманд амжилттай өрнөсөн. Цаашид Манхан, Зэрэг, Дөргөн гэх мэт сумдад тусгай хуваарийн дагуу үргэлжилнэ. Ингэснээр хөдөө орон нутагт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагаа сайжирч, хүүхэд хамгааллын ажилд ахиц дэвшил гарна гэж албаныхан үзэж байна. Ажлын багт Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн Д.Ундраа нараас гадна Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Ховд” орон нутгийн хөтөлбөр, Цагдаагийн газрын алба хаагч, холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.