“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” сэдэвт баруун бүсийн сургалт өнөөдөр Ховд аймагт болж байна. Энэхүү бүсчилсэн сургалтын үйл ажиллагаа нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль, “гэр бүлийн хүчирхийллийн талаар статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чиглэж буй.
Энэ сарын 19, 20-ны өдөр үргэлжлэх тус сургалтыг НҮБ-ын Хүн амын сан, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Ховд аймаг дахь Цагдаагийн газар, ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын байгууллага, "IDLO" олон улсын эрх зүйн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Энэ үeэр "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголт, олон улсын харилцаа", “Хохирогч, хүчирхийлэгчийн сэтгэл зүйн онцлог", "Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн шалтгаан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал", "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, хамтарсан багийн ажиллагаа", "Хүүхэд хамгаалал", "Цагдаагийн алба хаагчийн сэтгэл зүйн онцлог, стрессээс гарах арга" зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн сургагч багш нар мэдээлэл түгээх юм.
Энэ удаагийн сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа аж.
Сургалтын үр дүндгэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд талууднэгдсэн арга замыг тодорхойлж, уялдаа холбоотой ажиллах юм.