Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Хэнтий нуруунаас эхтэй Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Харин Хэрлэн голын эхээр мөн Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 16 см даван үерлэж байна.
Маргааш буюу 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна.
Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, Хэнтийн Дэлгэрхаанд 50.1-86.9 мм оржээ.
Харин Өмнөговийн зарим, Говь-Алтай Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар бороо ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага байна.