Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран "Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн оролцоо, дэмжлэг" сургалт, нөлөөллийн ажлыг орон даяар өрнүүлж байгаа.
Уг төслийн хүрээнд Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш нар "Эцэг эхийн оролцоо сургуульд" бичил төслийг энэ сарын 1-нээс сургуульдаа хэрэгжүүлжээ. Бичил төсөлд 90 багш, 1381 суралцагч, 800 орчим эцэг, эхийг хамруулж, халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг олгох, сурагч, сургууль, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, охидын эрүүл мэндийн чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлууд зохион байгуулсан байна.
"Бичил төслийн үр дүнд хүүхэд, эцэг эх, багш нарын цар тахлаас урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар дээшилж, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн дэмжлэг оролцоо нэмэгдсэн. Мөн суралцагчдын өөрсдийгөө болон бусдыг эрүүл байлгах, эрүүл мэндийг хамгаалах хандлага, хариуцлага дээшилж, сургалтын үйл ажиллагааг тогтвортой, танхимаар эрсдэл багатай зохион байгуулах боломж нэмэгдсэн" хэмээн тус сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Ш.Мара хэллээ.