Сэлэнгэ аймагт газар тариалангийн гол үйлвэрлэл болсон хаврын тариалалтын ажил ид эхэлж байна.Монгол Улсыг хүнсээр хангахад гол үүргийг хүлээдэг Сэлэнгэ аймгийн цаг үеийн ажил хэрхэн өрнөж байгаа талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Цаг үеийн асуудлаар мэдээлэл авахыг хүсэж байна. өнөөдөр аймгийн хэмжээнд хичнээн аж ахуйн нэгж, иргэн энэ салбарт хүч хөдөлмөрөө зориулж байна?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 305.5 мянган га тариалангийн эргэлтийн талбай байна. Энд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг 278 аж ахуйн нэгж, 161 иргэн, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхэлдэг 33 аж ахуйн нэгж, 2118 иргэн, жимс жимсгэнэ тариалдаг 480 иргэн үйлдвэрлэл эрхэлж, газар тариалангийн салбарт 1218 иргэн ажиллаж байна. Эдгээрийн 774 нь тухайн орон нутгаас 183 нь Сэлэнгэ аймгийн бусад сумдаас, 261 нь өөр аймаг, нийслэлээс ажилладаг байгаа.
-Аймгийн хэмжээнд жилд хичнээн га-д тариалалт хийж байна?
-Жилд дунджаар 170.0-190.0 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 2300-2500 га талбайд төмс, 2400-2700 га талбайд хүнсний ногоо, 120.0-130.0 мянган га талбайд уринш бэлтгэж байна. Жилд дунджаар 140.0-180.0 мянган тн үр тариа, 30.0-32.0 мянга тн төмс, 32.0-35.0 мянган тн хүнсний ногоо хураан авч, улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 20, хүнсний ногооны 32 хувийг манай аймаг дангаараа үйлдвэрлэж байгаа.
-Энэ онд хичнээн га-д тариалалт хийх гэж байна. Хаврын тариалалт одоо дөнгөж эхлээд явж байгаа гэсэн. Бэлтгэл ажил хэр хангагдан бэ?
-2022 онд нийт 189.9 мянган га талбайд тариалалт хийхээс улаанбуудай 139 мянган га талбай, бусад үр тариа 7265 га талбай, малын тэжээл 9.9 мянга га талбай, тосны ургамал 28.8 мянган га талбай, төмс 2282 га талбай, хүнсний ногоо 2555 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар улаанбуудай 16258 га талбай, тосны ургамал 1170 га талбай, төмс 253 га талбай, хүнсний ногоо 340 га талбайд тариалалт хийж, тариалалт улаанбуудай 11.7 хувь, төмс 11.1 хувь, хүнсний ногоо 13.3 хувьтай явж байна. Аймгийн хэмжээнд газар тариалангийн нийт 141 нэр төрөл бүхий техник, машин, төхөөрөмж байгаагаас трактор 775, трактор чиргүүл 292, үр тарианы комбайн 426, түлш зөөгч машин 58, сийрүүлүүр хавагч 348, борной 1170, анжис 243, үрлэгч 842, төмс хүнсний ногооны сийрүүлүүр 43, ургамал хамгаалах бодис цацагч 203, төмс хураах машин 68, хадуур 103, тармуур 111, хаман боогч 78, үтрэмийн машин 350, жинлэх төхөөрөмж 37, засварын газрын төхөөрөмж 389 тус тус ашиглаж, хаврын тариалалтын бэлтгэлийг 100 хувь ханган тариалалтанд орсон байгаа.
-Тарих үрийн хувьд хангалттай бий юу. Тариаланч, ногоочид маань хөнгөлттэй зээл тусламжид хамрагдаж чадаж байна уу?
-ХААДСангийн Сэлэнгэ, Хөтөл салбаруудад 12 сортын 6480 тонн тарих үрийн нөөцтэй байна. Аж ахуйн нэгж, иргэд 2022 оны тариалалтад шаардагдах тарих үр, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахуун, техник тоног төхөөрөмжийн захиалгын хүсэлтээ Хөдөө аж ахуйг дэмжих санд хүргүүлсэн. 2022 оны хаврын тариалалтыг төлөвлөгөөнөөс давуулан биелүүлэх тал дээр анхаарч тосны ургамалыг тухайн аж ахуйн нэгжийг тариалах талбайн 15 хувиас хэтрүүлэхгүйгээр тариалах үүрэг чиглэлийг сумдын удирдлагуудад өгсөн. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны хаврын тариалалтыг дэмжих, эрчимжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 100 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногоо эрхлэгчдэд 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Тус зээлийн судалгаанд нийт 9500 аж ахуй нэгж, иргэн хамрагдсан байна. /Үр тариа-614, Төмс-2331, Хүнсний ногоо-4360, Жимс жимсгэнэ-493, Хамгаалагдсан хөрс-564, Зоорь-1138 /. Энэ судалгааг мөн ХХААХҮЯ-нд хүргүүлсэн байгаа.
-Тэрбум мод үндэсний хөтөлбөртэй тариаланчид маань хэрхэн уялдан ажиллаж байна. Тариалангийн талбайд зурвас байгуулах асуудал яригдаж байх шиг байсан. Энэ талаар?
-Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нийт эргэлтийн талбайн 1 хувьтай тэнцэх га талбайд агро ойжуулалт хийхээр төлөвлөсөн. Энэ дагуу Ерөө, Хүдэр, Түшиг сумын нийт 3000 га талбайд ойн зурвас байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Засгийн газрын 2020 оны 138 дугаар тогтоолоор Үр тариа, тэжээл, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж, шинээр тариалангийн газар эзэмшүүлэх, ашиглаж байгаа тариалангийн талбай хоорондын зайд тэлэлт хийж өргөтгөх, тариалан эрхлэх газарт иргэдэд зөвхөн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар талбай олгох. Цаашид зориулалтыг өөрчлөхгүйгээр тариалах талбайг нэмэгдүүлэх боломжийг судалснаар өнөөдрийн байдлаар 17 суманд үр тариа 11914 га мод үржүүлгийн газар 839.9 га, жимс, жимсгэнэ 997.6 га, төмс, хүнсний ногоо 1420 га, тэжээлийн ургамал 4147 га нийтдээ 14146.5 га талбайг шинээр ашиглалтанд оруулах судалгааг гарган ажилласан.
-Хүнсний ногоочдыг хэрхэн дэмжин ажиллаж байна. Ногоочдод дэмжлэг хүрч байна уу?
-Хүнсний ногооны үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээг хангах, “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ногоочдыг үрээр хангах зорилгоор хүнсний ногооны 11 төрлийн 73.859,650 төгрөгийн ногооны үрийг 20 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр олгох ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын агрономчидтой гэрээ хийж, ногоочдод олгоод байна. Хөдөө аж ахуйг дэмжих зээлэнд 122 иргэн аж ахуйн нэгжид газар тариаланд 5560.7 сая төгрөг, төмс 44 сая төгрөг, хүнсний ногоонд 1187.1 сая төгрөгийн зээл олгоод байгаа.
-Тариалангийн бүс нутагт байгаа малд үзлэг, ангилалт хийх, мөн малын хөлийн татварыг шинээр тогтоох гээд нэлээд ажил хийгдэж байна. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын 131 дүгээр тогтоолоор Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 багийн нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-наас “Тариалангийн бүс нутагт үржүүлж буй малд үзлэг, ангилалт хийх ашиг шимийн үзүүлэлтийг тогтоох, баталгаажуулах” ажлыг Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Хушаат, Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Мандал, Баянгол, Ерөө, Хүдэр, Жавхлант зэрэг нийт 16 суманд хийж гүйцэтгэнэ. Энэ ажлын тухай тендерийн бичиг баримтыг төлөвлөн нээлттэй тендерийг өнгөрсөн 03 дугаар сарын 15-ны өдөр зарлаж, 04 дүгээр сарын 15-ны өдөр тендерийн хугацааг хаасан байгаа. Тухайн тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан мал сүрэгт хийх үзлэг ангилалтын ажлыг энэ 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хийсэн. Одоо ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Мөн малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран 4700 үхэр, 5750 хонь нийт 9770 толгой малд зохиомол хээлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа. Мөн Мал аж ахуйн салбарын хууль тогтоомж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Монгол Улсын Их хурлаас “Малын тоо толгой, албан татварын тухай” хуулийг 2020 онд баталсан. Энэ хуулийн дагуу манай аймгийн 17 сум Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоон батлаж хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулан ажиллаж байгаа.
-Сэлэнгэ аймагт тоологдож байгаа малын хөлийн татвараар хичнээн төгрөг төвлөрөв. Юунд зарцуулж байна. мөн аймгийн хэмжээнд хичнээн толгой малтай болоод байна вэ?
-2020 оны жилийн эцэст тоологдсон малын тоогоор аймгийн хэмжээнд 2 тэрбум 500 сая төгрөгийн татвар төвлөрөхөөр тооцоо судалгаа гарсан байна. Өнөөдрийн байдлаар 1 тэрбум 400 сая төгрөгийн татвар төвлөрч 834.0 сая төгрөгийг Малын үүлдэр угсаа сайжруулах, бэлчээр хамгаалах, бэлчээрийн худаг гаргах, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал үржлийн нэгж байгуулах, алслагдсан зам давааг сайжруулах зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөөд байна. 2021 оны жилийн эцсийн мал тооллогын нэгдсэн дүнгээр Сэлэнгэ аймаг 73 аж ахуйн нэгж, 10931 малчин, мал бүхий өрхөд 1887735 толгой мал тоологдсон. Энэ маань өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар буюу 69.2 мянган толгойгоор өссөн байгаа. Мал сүрэг ямаанаас бусад 4 төрөл дээр өссөн. Ямаан сүргийн тоо 33.9 мянган толгойгоор буурсан. Нийт мал сүргийн 46.4 хувь буюу 875993 толгой хээлтэгч мал байна. Энэ хавар аймгийн хэмжээнд 785975 толгой эх мал төллөхөөс 05 сарын 12-ны өдрийн байдлаар 589257 мал төллөж, төллөлт 75 хувьтай, төл бойжилт 99 хувьтай байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.