
Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг, Баянбүрдийн тойрог дахь “Чингэлтэй дүүрэг” гэсэн хөшөө шатаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Галын шалтгаан нь хөшөөний доор согтуу иргэн гал түлснээс болсон гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас өгөв. Тодруулбал, энэ сарын 15-ны 05.43 цагт хөшөө шатаж буй тухай дуудлага, мэдээлэл онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, шуурхай унтраасан бол цагдаагийнхан хэргийн газарт үзлэг хийсэн байна. Улмаар иргэн М архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянбүрдийн аюулгүйн тойргийн голд байрлах “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичигтэй хөшөөний доор гал түлснээс шатаасан болохыг нь тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.