
Монголын улс төрийн гол хүчний нэг МАН-ын дотоод тэмцэл эцэстээ Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь огцорсноор түрдээ намжив. Ардын намын даргын төлөөх өрсөлдөөн нам дотроо төдийгүй олон нийтийн өмнө нэр нүүрээ үл хайрлан өрнөсөн нь эцэстээ улс төрийн ‘’их цэвэрлэгээнд” хүргэж, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг унахад хүргэлээ.
Төрийн эрх мэдлийн хоёр тулгуур ингэж зэрэг унах нь Монголын улстөрийн түүхэнд урьд хожид тохиож байгаагүй хүндхэн нөхцөл байдал байв. Хэдийгээр унасан шалтгаан өөр боловч, төрийн тогтвортой байдалд учруулж буй нөлөө нь ижилхэн, хүнд тусаж буй. Одоо хамгийн төвөгтэй байдалтай нүүр тулж буй нь ирэх оны төсвөө яах вэ гэдэгт хэн хүнгүй толгой гашилгаж сууна. 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг хэдийнэ эхэлсэн ч улс төрийн үймээн дунд гацаж орхисон. Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар, “УИХ тухайн жилийн 11 дүгээр сарын 15-ны дотор ирэх оны төсвийг баталсан байх үүрэгтэй.” Өөрөөр хэлбэл, парламентын даргагүй, Ерөнхий сайд нь үүрэг гүйцэтгэгч болсон энэ нөхцөлд хууль ёсоор 2026 оны төсөв 25 хүрэхгүй хоногийн дотор батлагдах ёстой болоод байна. Хэрвээ төсөв батлагдахгүй бол ирэх онд төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих, тэтгэвэр, тэтгэмж, халамжууд зогсох, төрийн үйлчилгээ хязгаарлагдана гээд зовлон их бий. Мэдээж Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээр төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж болно. Гэхдээ төсвийн бодлогын том шийдвэрүүдийг гаргахын тулд шинэ Ерөнхий сайдтай, бүрэн бүрэлдэхүүнтэй Засгийн газар хэрэгтэй. Хэрэв шинэ Ерөнхий сайдыг томилох ажил удааширвал, эсвэл шинээр томилогдсон Засгийн газар одоогийн төсвийг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл, хэлэлцүүлэг дахин эхлэх эрсдэлтэй. Иймээс хэн Ерөнхий сайд болох, ямар тохиролцоогоор Засгийн газар бүрдэхээс төсвийн хувь заяа ихээхэн хамаарах нь ээ. Магадгүй шинээр томилогдох Ерөнхий сайд төсвийн бүтэц, зарцуулалтад өөрчлөлт оруулбал төсвийг задлахыг ч үгүйсгэхгүй. Үүгээр бол төсвөө хугацаандаа баталж чадахгүйд хүрч мэдэхээр байна.
Ийм нөхцөл байдал 2010 оноос хойш анх удаа үүсэж байгаа юм. Тухайн үед Сү.Батболдын хамтарсан Засгийн газар ажиллаж байсан бөгөөд 2011 оны төсвийг тухайн оных нь 12-р сарын 3-ны өдөр баталсан байдаг. УИХ дахь улстөрийн намууд ашигт малтмалын орлого, хөрөнгө оруулалтын хуваарилалт, халамжийн бодлого зэрэг дээр улстөр хийж хуулийн хугацаанд төсвөө баталж чадахгүйд хүрч байсан гашуун түүх бий.
Төсөв батлах хуулийн хугацаа хэтэрвэл... магадгүй,
Одоо өргөн мэдүүлсэн төсвөө хуулийн хугацаанд баталж, шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа тодотгол хийх, эсвэл шинэ Ерөнхий сайдыг яаралтай томилж, шинэ Засгийн газар төсвөө дахин хянаж өргөн мэдүүлэх, эсвэл нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёрхон гарц л харагдаж байна. Гэхдээ хуулийн хугацаанд амжуулах магадлал бараг байхгүй.
Төрийн эрх мэдэл эзэнгүйдэж, төсөв гацаанд орж байгаа нь манай улс төрчдийн олхиогүйг л харуулж байгаа хэрэг. Нам дотроо “дарга, суудал булаацалдсан” тэмцэл эцэстээ бүхэл бүтэн улс орны нийгэм, эдийн засгийн ирээдүйд төвөг учруулж болдгийг өнгөрсөн хэдэн өдрүүдэд харууллаа.
Одоо нэн тэргүүнд УИХ-ын даргыг яаралтай сонгох, Ерөнхий сайдын томилгоог наанадаж 10 дугаар сарын сүүл гэхэд хийж, Засгийн газар нь шинэ бүтэцтэйгээр төсвөө яаравчлуулах хэрэгтэй байна. төсөвтөө хандах боломж бүрдүүлэх. Магадагүй Ерөнхий сайдын томилгоо хойшилбол одоогийн төсвийн төслийг хугацаанд нь батлахын тулд оромцоглож, 2026 оны эхний улиралд тодотгол хийхээс аргагүйд хүрнэ.
https://www.shuud.mn/a/560325